Өсвөр насны хүүхдүүдэд санхүүгийн боловсрол олгох цуврал арга хэмжээ

Арга хэмжээ

Энэ жилийн хувьд Банк Санхүүгийн Академийн нийгмийн хариуцлагын хүрээнд Монголбанк болон Хадгаламжийн Даатгалын Корпорацитай хамтран "Өнөр бүл" хүүхдийн төв болон "Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн төв"-ийн 15-18 насны хүүхдүүдэд хувийн санхүүгээ удирдах, санхүүгийн суурь боловсрол олгоход зориулсан хөтөлбөрөөр дэмжин оролцлоо. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлэгт санхүүгийн суурь ойлголтуудыг шат дараатайгаар олгож, бие даан амьдрахад нь зайлшгүй шаардагдах санхүүгийн мэдлэгт суралцуулах замаар ирээдүйгээ өөрсдөө бүтээх чадварт сургах нь энэхүү аяны зорилго юм.

Банкуудын зүгээс дараах 5 сэдвээр мэдлэг мэдээлэл өгч, банкны үйл ажиллагаатай танилцах аяллыг хийхийн зэрэгцээ тухайн сонгосон сэдвээр мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж, ирээдүйн харилцагчдаа бэлтгэхэд хамтран ажиллалаа.

Аяны хүрээнд хийсэн сургалтын сэдвүүд нь:

  1. Орлого ба зардал /Хас банк/
  2. Хуримтлал ба хадгаламж /Ариг банк/
  3. Өр ба зээл, хүүгийн тухай ойлголт /Худалдаа Хөгжлийн Банк/
  4. Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн, тэдгээрийн тухай ойлголт /Хаан банк/
  5. Эрсдэл ба даатгал /Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк/

group photoFL

Санхүүгийн боловсролын хөтөлбөрийг үндсэн дөрвөн бүлэгт чиглэн хэрэгжүүлдэг:

  • Ерөнхий боловсролын сурагчид,
  • Залуу үеийнхэн,
  • Орон нутгийн иргэд,
  • Цахим хэрэглэгчид.
  • Хөтөлбөрийн гол зорилтот бүлэг нь “өсвөр насныхан” буюу ирээдүйн хадгаламж эзэмшигчид юм.

Монголбанкны олон нийтийн санхүүгийн боловсролын мэдээллийн төвийн захирал Б.Одонтунгалаг “Санхүүгийн боловсрол бол хүн бүрийн эзэмших хэрэгтэй насан туршийн боловсрол. Учир нь хүн санхүүгийн харилцаанд байнга орж байдаг. Хэдий бүх хүн санхүүч, эдийн засагч болох албагүй ч санхүүгийн боловсрол эзэмших нь чухал” гэв.

odontungalag

Монголбанкны олон нийтийн санхүүгийн боловсролын мэдээллийн төвийн захирал, Банк санхүүгийн академийн Удирдах зөвлөлийн гишүүн Б.Одонтунгалаг

Монголбанкны олон нийтийн санхүүгийн боловсролын мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн М.Нургул “Гурав дахь жилдээ үргэлжилж буй хөтөлбөрийн үр шим, тогтвортой байдлыг харах сайхан байна. Дэлхийн бусад улсууд ч санхүүгийн боловсролыг үндэсний хөтөлбөр болгон хэрэгжүүлдэг. Тухайлбал 2011 онд 26 улс энэ хөтөлбөрт нэгдэж байсан бол 2017 онд 65 улс болж өргөжжээ” хэмээв.

Хөтөлбөрийг анх эхлүүлэхээс өмнө иргэдээс судалгаа авахад 10 хүний 6 нь инфляци, хадгаламж, даатгал гэх мэт санхүүгийн ойлголтгүй байжээ. Сангийн яамны захиалгаар 2015 онд Дэлхийн банк энэ судалгааг хийн, үр дүнд нь санхүүгийн боловсрол “тааруу” гэж гарчээ.

nurgul

Монголбанкны олон нийтийн санхүүгийн боловсролын мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн М.Нургул

Санхүүгийн боловсролыг хамгийн энгийнээр ойлгох нь “Мэдлэг, чадвар, хандлага гурвын нийлбэр” хэмээн М.Нургул хэлсэн бөгөөд санхүүгийн боловсрол эзэмшсэнээр өрх гэрийн санхүүгийн сахилга бат цаашлаад улс орны хөгжилд эерэг нөлөө үзүүлэх ба нөгөө талаас болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой юм гэлээ.

Ерөнхий боловсролын сургуулиудад “Бизнес судлал” хэмээх хичээлийг ахлах ангийнханд зориулан, сонгон судлах хичээл болгон зааж байна. Мөн хүүхдүүдэд зориулсан гарын авлага, лекц, гар утасны аппликейшн зэргийг өнгөрсөн хугацаанд хийжээ. “Таны санхүүгийн боловсролд”, “Би хэрхэн хуримтлуулдаг вэ” гэх мэт лекцэд танхим дүүрэн хүн цугласан нь хүмүүст санхүүгийн мэдлэг ямар их хэрэгтэй байгааг харуулсан үйл явдал боллоо хэмээн мөн тэрээр онцоллоо. Түүнчлэн 340 сургагч багш нарыг бэлтгэсэн аж.

Аяны хүрээнд хуримтлалын бэлгэ тэмдэгтэй болсон нь олзуурхууштай үйл явдал байлаа. Улс орон бүрт амьтны дүрслэлээр хуримтлалыг илэрхийлдэг. Бидний сайн мэдэх “гахай” нь Герман улсын тэмдэг байдаг. Харин манай улс “тэмээ”-г бэлгэ тэмдгээ болгосон нь өв соёл, уламжлалаа хадгалах зорилготой.

Мөн Хөдөө аж ахуйн их сургууль, Санхүү, эдийн засгийн сургууль гэх мэт их сургуулиуд кредит бүхий, “Санхүү боловсрол” хичээлийг оюутнуудадаа заалгах хүсэлт гаргажээ.

Хадгаламжийн даатгалын корпорацийн олон нийтийн санхүүгийн боловсрол хариуцсан мэргэжилтэн Г.Жавзандулам “Бид санхүүгийн боловсролд зориулсан нийт 14 гарын авлага гаргасан. Манай сайтад бүгд дижитал хэлбэрээр байршсан” гэлээ.

javzandulam

Хадгаламжийн даатгалын корпорацийн олон нийтийн санхүүгийн боловсрол хариуцсан мэргэжилтэн Г.Жавзандулам

Хадгаламжийн мөнгөн дүнг харахад хуримтлалтай болсон иргэдийн тоо даруй өсчээ. Тухайлбал Баян-Өлгий аймагт гэхэд нэг жилийн дотор 5000 хүүхэд шинээр хадгаламж нээлгэсэн байна. Хөтөлбөрт хамрагдсан, 14-18 насны, “Өнөр бүл” төвийн хүүхдүүд хэлэхдээ “Бид бол энэ хөтөлбөрийн үр нь. Харин хэрхэн урган цэцэглэх нь биднээс өөрсдөөс маань шалтгаална. Энэ хөтөлбөрт хамрагдсандаа маш их баяртай байна” хэмээн хуваалцсан юм.

Өөр нэг сурагч хөтөлбөрөөс сурсан зүйл юу вэ гэсэнд “Дэлгүүрээс юм худалдан авахдаа өөрөөсөө хэрэгцээ юу, хүсэл үү” гэж асуудаг болсон гэж хариулсан юм.

kids

Хүүхдүүд сэтгэгдлээсээ хуваалцав.

Санхүүгийн боловсролыг үе шаттайгаар эзэмшин авч байгаа, бидний ирээдүй болсон хүүхдүүддээ хамгийн сайн сайхныг хүсье!

БУСАД ЗУРГУУДЫГ ҮЗЭХ

БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИ

Та БСА-ийн сургалт, үйл ажиллагааны мэдээллийн мэйл жагсаалтад бүртгүүлж сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой.