"Банкны шинэ ажилтан" сургалтад хамрагдсан бол давуу эрхтэй ажлын байртай болно

Арга хэмжээ

Банкууд "Банкны шинэ ажилтан" сургалтад хамрагдсан хувь хүний ажилд орох өргөдлийг тэргүүн ээлжинд авч үзэн, давуу тал болгон үнэлж байхаар шийдвэрлэв.

Банкны салбарт Мэргэшлийн эрх олгох зөвлөлөөс "Монгол Улсын банкны салбарт ажиллахад тавигдах мэдлэг, ур чадварын суурь шаардлага"-ыг баталсан билээ. Тэгвэл өчигдөр Монголын Банкны Холбооны дэргэдэх Хүний нөөцийн Мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар уг суурь шаардлагыг хэрэгжүүлэхтэй холбоотой зарим асуудлыг авч хэлэлцсэн байна. Хурлын үр дүнг товч танилцуулбал:

  1. Банк санхүүгийн академийн "Банкны шинэ ажилтан" сургалтын хөтөлбөрийн зохих шатны сургалтад амжилттай хамрагдаж гэрчилгээ авсан хүмүүсийн ажилд орох хүсэлтийг тэргүүн ээлжинд авч үзэн, давуу тал болгон үнэлж байх дээр 100% санал нэгдэв.
  2. "Банкны шинэ ажилтан" хөтөлбөрийн эцсийн зорилго нь хувь хүмүүс банкинд мөрөөдлийн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд, ёс зүйтэй гүйцэтгэхэд нь туслах зорилготой. Иймд энэ зорилгынхоо хүрээнд дараахь байдлаар элсэлтийг зохион байгуулахаар санал нэгдэв:
    1. Банкууд одоо нээлттэй байгаа болон дараа жил нэмж шаардагдах ажлын байрны талаарх мэдээллийг Банк санхүүгийн академид тодорхой давтамжаар мэдээлдэг болох
    2. Банк санхүүгийн академи нь уг мэдээлэлд үндэслэн "Банкны шинэ ажилтан" хөтөлбөрийн шатлал бүрийн сургалтад тухайн жилд элсүүлэх хүний тооны дээд хязгаарыг тогтоож, уг хязгаарын дотор элсэлтийг зохион байгуулж байх
    3. Банкны теллер, харилцагчийн үйлчилгээний ажилтнаар ажиллахад тавигдах суурь боловсролын шаардлага банк бүрт өөр тул энэ талаарх мэдээллийг Банк санхүүгийн академи нэгтгэсний үндсэн дээр банк, санхүүгийн бус мэргэжлийн хүмүүсийг сургалтад элсүүлэх эсэх, тоог шийдэж байх
  3. Уг хуралдааны үеэр, суурь шаардлагыг хэрэгжүүлэх талаар зарим банкны туршлагыг хуваалцсан байна. Үүнд:
    1. Банкинд ажилд орохоор тэнцээд хараахан жинхлээгүй туршилтын хугацаанд ажиллаж буй болон нэг жилийн дотор ажиллаж буй шинэ ажилтнуудыг "Банкны шинэ ажилтан" сургалтын зохих түвшинд хамруулахаар шийдвэрлэж, сургалтын захиалгаа өгсөн тухай.
    2. Одоо ажиллаж буй зээлийн ажилтнуудын мэдлэгийн түвшинг суурь шаардлагын агуулгын хүрээнд тогтоолгох, үүний үндсэн дээр сургалтын бодит хэрэгцээг илрүүлсэн тухай.

Дашрамд дурьдахад, "Банкны шинэ ажилтан" сургалтын 2018 оны 09 дүгээр сараас 2019 оны 05 дугаар сар хүртэлх бүх сургалтын бүртгэл нь 2018.08.25-ны өдөр хаагдана. Иймд та бүртгүүлж амжаагүй байгаа бол ШИНЭ ҮЕИЙН БАНКИР хуудасны чатбот руу "Burtgel" гэж бичихэд танд бүртгэлийн линк өгнө. Үүнтэй холбоотой аливаа асуух зүйлээ Gira Delgermaa (Шинэ үеийн банкир) профайл аккаунт руу чат мессеж илгээх буюу newerabankers@bfa.mn хаяг руу имэйл бичээрэй.

Мөрөөдлийн ажлаа хийхэд өөрийгөө бэлтгэх их аялалд тань амжилт хүсье. Таны энэ аялалыг үр өгөөжтэй болгох хөтөчөөр нь бид ажиллахад бэлэн байна. Танд туслах боломжийг бидэнд олгосонд баярлалаа.

Та БСА-ийн сургалт, үйл ажиллагааны мэдээллийн мэйл жагсаалтад бүртгүүлж сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой.