БАНК САНХҮҮГИЙН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН

Семинар

 

БАНК САНХҮҮГИЙН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ЗӨВЛӨГӨӨН 2018
“ТАЛЕНТЫГ УДИРДАХ ТЭРГҮҮН ТУРШЛАГА”
Улаанбаатар хот, Монгол Улс

Банк, санхүүгийн салбарын хүний нөөцийн зөвлөгөөн нь энэ жил анх удаа зохион байгуулагдаж байна. Уг зөвлөгөөн нь энэ жилийн хувьд “Талентыг удирдах тэргүүн туршлага” сэдвийн дор явагдах бөгөөд дотоодын болон гадаадын тэргүүн туршлагуудтай танилцаж, хэлэлцүүлэг хийх юм.

Уг арга хэмжээний онцлох илтгэгч нь талент менежментийн чиглэлээр Европт хүлээн зөвшөөрөгдсөн эксперт, олон улсын сургалтын шилдэг байгууллагуудын нэг болох Люксембургийн Их Вант Улсын House of Training институтын сургагч багш Вивиан Харнойс юм. Тэрээр өнөө үед маш чухал асуудлын нэг болоод байгаа цахим аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэн хэрхэн талентыг удирдах талаар олон улсын туршлагаас хуваалцана.

Түүнчлэн, Монгол Улсын банкны салбарын хүний нөөцийн бодлогод гарсан томоохон дэвшил болох “Монгол Улсын банкны салбарт ажиллахад тавигдах мэдлэг, ур чадварын суурь шаардлага”-ыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар Банк санхүүгийн академийн зөвлөх, Шинэ үеийн банкир төслийн удирдагч Г.Дэлгэрмаа танилцуулна. Энэхүү суурь шаардлага нь банкны салбарт зээлийн хүү буурах урьдач нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа чухал ач холбогдолтой бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм.

Дээрх онцлох илтгэлүүдээс гадна, дотоодын банкуудаас дараахь чиглэлээр тэргүүн туршлагаа хуваалцана:

  • Хүний нөөцийн сонгон шалгаруулалт (Хасбанкны Хүний нөөц хариуцсан захирал Г.Зул)
  • Талент менежмент (ХААН банкны хүний нөөц хариуцсан дэд захирал Ш.Ганбямба)
  • Сэтгэл зүйд сууриласан хүний нөөцийн удирдлага (Голомт банкны Талент менежментийн хэлтсийн захирал Ц.Энхжаргал)

Энэхүү зөвлөгөөнд дараахь чиглэлийн хүмүүс оролцох нь тохиромжтой:

  • Банк, санхүүгийн салбарын хүний нөөц, талент менежмент хариуцсан албан тушаалтан, ажилтан
  • Санхүүгийн салбарын бодлого боловсруулах, эрсдлийн түвшинг хянаж шалгах чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын албан тушаалтан, ажилтан
  • Банк, санхүү, хүний нөөцийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн удирдах албан тушаалтан, ажилтан, багш, оюутнууд
  • Компанийн захирал, хүний нөөц, талент менежмент хариуцсан удирдах албан тушаалтан, ажилтан
Та БСА-ийн сургалт, үйл ажиллагааны мэдээллийн мэйл жагсаалтад бүртгүүлж сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой.