
Банк Санхүүгийн Академи, Люксембургийн “House of Training” сургалтын байгууллагатай хамтран “Digital Transformation and Fintech” сургалтыг өнгөрсөн долоо хоногт буюу 2024 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөс 12 дугаар сарын 13-ны өдрийн хооронд амжилттай зохион байгууллаа.
Сургалтаар дижитал шилжилтийн үеийн бодлогын талаар суурь ойлголт болон дижитал өөрчлөлтийг хэд хэдэн өөр өнцгөөс харуулахыг зорьсон ба дижитал өөрчлөлтөөс үүдэлтэй сорилт бэрхшээлүүдийн талаар суурь соёлын болон техникийн талаарх мэдлэг, ойлголтыг оролцогчдод өглөө. Мөн дижитал төлбөр тооцоо болон крипто мөнгөтэй холбоотой бэрхшээлүүдийн талаар судалж, Засгийн газар, банкууд үүнийг хэрхэн шийдэж байгаа талаар санал солилцлоо.
Тус сургалтад мэдээллийн технологи болон бүтээгдэхүүн хөгжил, дижитал шилжилтийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг банк санхүүгийн салбарын мэргэжилтнүүд хамрагдлаа.
Сургалтыг Люксембургийн Үндэсний Захиргааны Хүрээлэнгийн Дижитал ур чадварыг хөгжүүлэх хөтөлбөрийн эксперт Сабрина Рагди Лемайр удирдан явууллаа.

Сабрина Рагди Лемайр нь Люксембургийн Үндэсний Захиргааны Хүрээлэнгийн Дижитал ур чадварын хөгжүүлэх хөтөлбөр болон Люксембургийн Их вант улсын Засгийн газрын сургалтын албыг хариуцан ажилладаг. Тэрээр дижитал ойлголт, манлайлал, техникийн сургалтаар дамжуулан дижитал ур чадвар хөгжүүлэх хөтөлбөрүүдийн стратеги, дизайныг гаргах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг.
Мөн тэрээр сүүлийн 10 жилийн хугацаанд дижитал шилжилт, финтек ба кибер аюулгүй байдал, маркетинг, харилцаа холбоо, дизайн сэтгэлгээ, төслийн менежмент, зөөлөн ур чадвар зэрэг чиглэлээр сургалт явуулж байсан туршлагатай.
Дижитал өөрчлөлтнь бүх салбаруудад улам бүр нэмэгдэж байгаа бөгөөд энэ өөрчлөлтийн хүнд үед банкны салбар бүх талын сорилттой тулгарсаар байна. Тэгвэл дижитал шилжилтийн үйл ажиллагааны мэргэжилтнүүдэд зориулсан, салбарын тэргүүлэх мэргэжилтэн удирдан явуулсан уг сургалт нь цаг үеэ олсон, онцлогтой, үр өгөөжтэй сургалт боллоо хэмээн сургалтад оролцогчид маань үнэллээ.
Сургалтын төгсгөлд олон улсын эксперт, сургагч багш Сабрина Рагди Лемайр нь Банк Санхүүгийн Академийн Гүйцэтгэх захирал Г.Бумчимэгтэй цаашдын төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцож, манай академийн хамт олонд ажлын амжилт хүслээ.
Эксперт, сургагч багш Сабрина Рагди Лемайр болон сургалтад хамрагдсан оролцогчдодоо талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье!