
Банк Санхүүгийн Академи нь Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банкны хэрэгжүүлж буй Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн хөтөлбөртэй хамтран Монголын банк, санхүүгийн мэргэжилтнүүдэд зориулсан олон улсын сургалтыг өнгөрсөн долоо хоногт буюу 2025.02.05 – 02.08 – ны өдрийн хооронд амжилттай зохион байгууллаа.
Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөрийн албан ёсны сургагч багш, олон улсын эксперт Наталя Соловьёва сургалтыг удирдан явууллаа.
Тэрбээр “Хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ” болон “Зээлийн хяналт, асуудалтай зээлтэй ажиллахад харилцагчтай тогтоох харилцаа” гэсэн сэдвүүдээр 4 өдрийн турш сургалтад оролцогчдод олон улсын туршлагаас хуваалцлаа.
Эхний 2 өдрийн сургалт буюу “Хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ” сургалтын хүрээнд ЖДБ-ийн онцлогт тохирсон хөрөнгө оруулалтын төслийн дүн шинжилгээ хийх нийтлэг зарчим, арга барил, санхүүгийн тайлан болон бизнесийн төлөвлөгөөтэй ажиллах онцлог, санхүүжилтийн боломж болон оновчтой санхүүжилтийн шийдлийн талаар боловсронгуй дүгнэлт бэлтгэх арга хэрэгслийн тухай ойлголт, мэдлэгийг өгсөн.
Харин дараагийн 2 өдрийн сургалт болох “Зээлийн хяналт болон асуудалтай зээлтэй ажиллахад харилцагчтай тогтоох харилцаа” сургалтаар харилцагчтай хэрхэн зөв харилцааг бий болгох, харилцагчидтай ойлголцож чадсанаар хямралын үед ч зээлийн багцын чанар болон байгууллагын тогтвортой, ашигтай үйл ажиллагааг сайжруулах талаар авч үзсэн юм.
Сургалт нь Танхимаар, Орос хэлнээс дагалдах Монгол орчуулгатай явагдсан бөгөөд амжилттай суралцаж төгссөн оролцогчдод “RSBP сургалт”-ын гэрчилгээг гардууллаа.
Сургалтыг удирдан явуулсан Наталя Соловьёва нь ЕСБХБ-ны ЖДББНХ-ийн албан ёсны сургагч багш бөгөөд санхүүгийн байгууллагын ажилтнуудад зээлийн шинжилгээ хийх мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх сургалт явуулж, зөвлөгөө өгч, ажилладаг эксперт юм.

Тэрээр 1998 оноос хойш ЖДБ-ийн зээлийн чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд Казахстанд ЖДБ-ийн зээл анхлан гарахад ажиллаж байсан хамгийн эхэн үеийн банкируудын төлөөлөл юм. Мөн тэрээр бизнесийн чиглэлийн мэргэжлийн сургагч багш төдийгүй ЖДБ-ийн санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах чиглэлд олон улсын болон бүс нутгийн төслүүдэд зөвлөхөөр ажилладаг. Наталья Соловьёва нь бизнесийн төрөл бүрийн сегментийн зээлдэгчдэд санхүүгийн шинжилгээ хийх, харилцагчдыг татах, борлуулалтын үйл явцыг зохион байгуулах, зээлийн үйл явцыг удирдан явуулах, ажилтнуудтай ажиллах зэрэг сэдвүүдээр олон сургалтын хөтөлбөрийг боловсруулжээ.
Сургалтын төгсгөлд сургагч багш Наталя Соловьёва тус сургалтыг хамтран зохион байгуулагч Г.Бумчимэг захиралтай Банк Санхүүгийн Академийн хамт олонд ажлын өндөр амжилтыг хүслээ.
ЖДББНХ нь ЕСБХБ-ны санхүүгийн байгууллагуудыг чадавхжуулах хөтөлбөр бөгөөд Европын Холбооноос санхүүждэг билээ.
Дашрамд дурдахад уг сургалтын орлогоос цуглуулсан төлбөрийг банк, санхүүгийн байгууллагууд, бусад оролцогч талуудын мэдлэг хуваалцах үйл ажиллагаа, орон нутгийн ажилтнуудыг чадавхижуулах сургалт, семинар, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх болон ногоон санаачилгыг дэмжсэн нийгмийн хариуцлагын төсөл, хөтөлбөрт зориулна.
Сургагч багш болон сургалтанд хамрагдсан нийт оролцогчиддоо талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье!