МУИС Бизнесийн Сургууль, Банк Санхүүгийн Академи нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн банкны салбарын шаардлагад нийцсэн хүний нөөцийг бэлтгэх замаар Монгол Улсын нийгэм эдийн засагт гарч буй их хэмжээний үргүй зардлыг бууруулах, ажилгүйдлийг багасгах, банкны зээлийн ажилтнуудын бүтээмжийг дээшлүүлснээр санхүүгийн салбарын эрсдэлийг сайжруулж, зээлийн хүүг бууруулах, салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах урьдач нөхцлүүдийг бүрдүүлэх шаардлагын дагуу банкны мэргэжлийн сургалтын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, чанар чансааг дээшлүүлэх, боловсролын системийн шинэчлэлтийг түүчээлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичиг байгуулж байна.
Санамж бичигт МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал Ц.Болормаа, Банк Санхүүгийн Академийн гүйцэтгэх захирал Ш.Алтанцэцэг нар гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд:
Мэргэжлийн хамтын ажиллагаа. Бизнесийн сургуулийн санхүү, банк, нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлагын мэргэжлээр бакалавр, бэлтгэл магистр, магистр бэлтгэх сургалтын хөтөлбөрийн онол, практик хосолсон байдлыг сайжруулах зорилгоор Сургуулийн сургалтын хөтөлбөрт Академийн зүгээс саналаа өгөх, сургалтын хөтөрбөрийг шинэчлэх буюу шинээр боловсруулах, сургалтын материал боловсруулах, сургалтын зохион байгуулахад хамтран ажиллах, кейс боловсруулж сан бүрдүүлэх, багш нарыг чадавхжуулах зэрэгт хамтран ажиллана.
Мэргэжлийн дадлага. Мэргэжлийн дадлагын үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор санхүү, бизнесийн чиглэлээр гуравдугаар түвшинд суралцаж буй оюутнууд болон бэлтгэл магистрын оюутнуудын мэргэжлийн дадлагыг олон улсын стандартад нийцсэн нөхцөл, болзолтойгоор Академиас зохион байгуулахад хамтарч ажиллана. Академийн уг хөтөлбөрт хамрагдсан оюутны хувьд Сургуулийн мэргэжлийн дадлагыг дүйцүүлэн тооцно.
Мэдээлэл, солилцоо. Талуудын явуулж буй үйл ажиллагааг олон нийтэд хүргэхэд тус тусын давуу талыг ашиглан хамтран ажиллаж, мэргэжлийн багш, судлаач, оюутнуудыг татан оролцуулах, харилцан мэдээлэл солилцох.
Сургалтын чанарыг нэмэгдүүлэх. Академи нь Сургуулийн сургалтын чанар чансааг дээшлүүлэхэд дараах байдлаар хамтарч ажиллана.
- Академийн шугамаар ирсан гадаадын экспертүүдийн семинарт Сургуулийн багш, судлаач-багш нарыг үнэ төлбөргүй хамруулах
- Санхүү, банкны чиглэлээр ажиллаж байсан туршлагатай, гадаадын болон дотоодын эксперт багшийг Сургуульд ажиллуулахад зуучлах, хамтран төсөл хэрэгжүүлэх.
- Академийн сургалтуудад Сургуулийн багш нарыг тухай бүр харилцан тохиролцсоны үндсэн дээр хөнгөлөлттэй үнээр хамруулах
Бусад асуудал. Банк, санхүүгийн салбарын цаг үеийн болон тулгамдсан асуудлаар эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, судалгаа хийх, салбарын хөгжлийг түргэтгэхэд чухал гэж үзсэн бусад аливаа асуудлаар тухай бүр харилцан санал солилцож шийдвэрлэж байна.

Зүүн гар талаас: МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал Ц.Болормаа, Банк санхүүгийн академийн Шинэ үеийн банкир төслийн удирдагч Г.Дэлгэрмаа, Банк санхүүгийн академийн захирал Ш.Алтанцэцэг, Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгч Д.Сувдаа