Капитрон Банкны ажилтнууд “Сургагч багш”-ийн хөтөлбөрт хамрагдлаа

Капитрон Банкны захиалгаар Банк санхүүгийн академийн брэнд сургалтуудын нэг болох “Сургагч багш”-ийн сургалт 2023 оны 08 дугаар сарын 28 – наас 2023 оны 9 дүгээр сарын 1ний өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.

Сургалтад Капитрон банкны хүний нөөц, сургалт хөгжүүлэлтийн менежерүүд болон сургагч багшаар бэлтгэгдэж буй тус банкны газар, нэгжийн шилдэг ажилтнууд хамрагдлаа.

Уг сургалт нь Банк санхүүгийн академийн Монголын банк санхүүгийн салбарт нутагшуулан хэрэгжүүлсээр байгаа АНУ-ын “Association for Talent Development” байгууллагаас франчайз эрхийн хүрээнд “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн нэг хэсэг юм. Энэхүү “онцгой” сургалтын хөтөлбөр нь ирээдүйн сургагч багшийг ур чадвар, үндсэн арга барилаа олоход туслахын зэрэгцээ мэргэжлийн түвшинд сургалт төлөвлөн боловсруулах, мөн сургалтаа шинэлэг, сонирхолтой маягаар удирдан явуулахад зааж сургадаг давуу талтай.

Банк санхүүгийн академийн чадварлаг, туршлагатай, нэр хүндтэй сургагч багш нар сургалтыг удирдан явуулж, “Сургагч багшийн заавал мэдэх суурь ойлголтууд”, “Сургалтын гарын авлага боловсруулах нь”, “Хэцүү суралцагчидтай ажиллах нь”, “Сургагч багш бизнесийн хамтрагч” зэрэг сонирхолтой сэдвээр сургалтыг орж, банкируудад мэдлэг, мэдээллийг өглөө.

Сургалтын төгсгөлд Банк Санхүүгийн Академийн Сургалтын албаны Ахлах менежер Б.Ууганхүү, Капитрон Банкны Байгууллагын хөгжил, хүний нөөцийн газрын захирал Ч.Халиун нар сургалтаа амжилттай дүүргэсэн банкирууддаа баяр хүргэж, сертификат гардууллаа.

Төгсөгчид нь дээрх сургалтаас олж авсан мэдлэгээ ажилдаа хэрэгжүүлж, өөртөө болон банкны хөгжилд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ практик туршлагаа бусад банкирууддаа мэргэжлийн сургагч багшийн ур чадвартайгаар хуваалцах боломжтой болж байна.

Капитрон банкны хувьд ажилтнуудынхаа сургалт, хөгжилд ихээхэн анхаарал хандуулан ажилладаг бөгөөд дотоод, гадаадын мэргэжлийн болон бусад чиглэлийн сургалтуудад хамруулахын зэрэгцээ эмэгтэй ажилтнуудад хандсан “Ментор” хөтөлбөр, ажилтнуудын сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах “Well being” хөтөлбөр, шилдэг оюутан залуусыг дэмжиж, ажлын байраар хангах, санал болгох ажлуудыг санаачлан, амжилттай хэрэгжүүлээд байна.

Санал болгох: