Дорнод аймагт орон нутгийн ажилтнуудыг чадавхжуулах сургалт боллоо

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (EBRD)-ны Монгол дахь Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөр (RSBP)-тэй хамтран зохион байгуулж буй орон нутгийн банк, санхүүгийн салбарын ажилтнуудад зориулсан сургалт Дорнод аймгийн төв Чойбалсан хотод 2023 оны 9-р сарын 08-09-ний өдрүүдэд боллоо.

Энэхүү сургалтаар Германы Шпаркассе банкны олон улсын хамтын ажиллагааны Монгол дахь сантай хамтран зохион байгуулж буй “Бичил бизнесийн хөлөгт тоглоом” болон хууль эрх зүй, хувь хүний хөгжлийн сэдвүүдийг хамруулсан бөгөөд тус аймгийн банк, санхүүгийн салбарын ажилтнууд хамрагдлаа.

Эхний өдөр Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Монгол дахь Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөрийн Банкны Ахлах эксперт Э.Уянга “Бичил бизнесийн хөлөгт тоглоом” сургалтыг явуулж, бизнесийн тайлан тэнцэл, борлуулалтыг яаж илүү хөгжүүлэх талаар сонирхолтой мэдлэг, мэдээллийг өгсөн.

Хоёр дахь өдөр Банк санхүүгийн академийн сургагч багш М.Мөнхбаатар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай, хувь хүний нууц болон цахим гарын үсгийн тухай хуулийн сургалтууд орсон бол Банк санхүүгийн академийн сургагч багш Ц.Энхжаргал Бие хүний хөгжил, зорилгын удирдлага ба эрч хүчний удирдлага сэдвээр сургалт орлоо.

Дашрамд дурдахад, Банк санхүүгийн академи нь Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Монгол дахь Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөртэй хамтран 2023 оны 5-р сард ЖДҮ-ийн зээлийн ажилтнуудад зориулан тус бүр 2 өдрийн, 2 удаагийн сургалтыг олон улсын экспертээр удирдуулан зохион байгуулж байсан билээ.

Бид тус сургалтын төлбөрийн орлогыг санхүүгийн боловсрол олгохтой холбоотой нийгмийн хариуцлагын төсөл, хөтөлбөрт зориулж байгаа бөгөөд энэхүү ажлын хүрээнд орон нутгийн банк, санхүүгийн салбарын ажилтнуудад зориулсан сургалтуудыг ийнхүү амжилттай эхлүүлээд байна.

Дараагийн сургалт нь 2023 оны 9-р сарын 15-16-ны өдрүүдэд Дархан хотод мөн адил хөтөлбөрөөр явагдах бөгөөд урьдчилсан байдлаар Ариг, Капитрон, Чингис хаан банк болон системийн нөлөө бүхий 5 банкны ажилтнууд хамрагдахаар нэрсээ ирүүлээд байна.

Энэхүү төслийн олон улсын экспертээр удирдуулсан дараагийн 2 удаагийн сургалт энэ оны 10-р сард зохион байгуулагдах бөгөөд тус сургалтуудаас цугларсан санхүүжилтээр бид баруун болон говийн аймгуудын банк, санхүүгийн салбарын ажилтнуудад зориулсан сургалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Санал болгох: