Харилцагчид зөвлөх банкны мэргэжилтний батламж гардуулах ёслолын ажиллагаа боллоо

New-Bankers-Haaltiin-zurag
2022 оны анхны элсэгчид төгсөлтийн батламжаа гардан авлаа.

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт буюу 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр “Шинэ банкирын онол, практик хосолсон сургалт”-ын 2022 оны эхний төгсөгчдөд “Батламж гардуулах ёслолын ажиллагаа” Монголбанканд зохион байгуулагдлаа.

Харилцагчид зөвлөх банкны мэргэжилтний батламж гардуулах ёслолын ажиллагаанд Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, ХБНГУ-ын Элчин сайдын яамны Дэд тэргүүн Регина Рутенберг, Германы Шпаркассэ банкны олон улсын хамтын ажиллагааны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч Маркус Лох, Банк Санхүүгийн Академийн Гүйцэтгэх захирал Г.Бумчимэг нар оролцож, төгсөгчдөд баяр хүргэн “Батламж”-ийг гардууллаа.

Банкны ажилтнуудыг чадавхжуулах замаар олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх сургалт, хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын банкны салбарын ажилтнуудад тавигдах нэгдсэн суурь шаардлагын жишгийг Монголбанкнаас баталсан билээ. Тэгвэл энэхүү жишиг шаардлагыг хангуулах ажлын хүрээнд Германы Шпаркассэ банкны Монгол дахь сан, Банк Санхүүгийн Академи хамтран “Шинэ банкирын онол практик хосолсон сургалт”-ыг 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зохион байгуулсан.

Шинэ банкирын онол практик хосолсон сургалт нь 2017-2021 онд Монголбанк, Монголын банкны холбоо, Германы Шпаркассэ банкны Монгол дахь сантай хамтран зохион байгуулсан “Харилцагчид зөвлөх банкны мэргэжилтний онол, практик хосолсон сургалт”-ын шинэчилсэн хувилбар юм. 11 модультай явагддаг тус сургалт нь энэ жил хэд, хэдэн элсэлтийг шинээр эхлүүлсэн бөгөөд шинэ үеийн банкируудад мэргэжлийн суурь ур чадварыг олгож, тэднийг чадавхжуулан хөгжүүлсээр байна.

Банкны ажилтнууд энэхүү олон улсын түвшний онол, практик хосолсон сургалтад хамрагдсанаар банкны үйлчилгээг иргэдэд илүү ойлгомжтой, хялбараар хүргэх, улмаар харилцагчийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалж санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах ач холбогдолтой юм. Түүнчлэн тус сургалт нь банк санхүүгийн салбарын ажилтанд тохирсон суурь мэдлэг чадвар, карьер хөгжлийнх нь хамгийн чухал тулгуур нь болсоор байна. Шинэ банкирын онол практик хосолсон сургалтын 2022 оны эхний төгсөгчиддөө баяр хүргэж, ажил үйлс, амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье!

Хөтөлбөр:

Санал болгох: