Банк Санхүүгийн Академи нь Люксембургийн “House of Training” сургалтын байгууллагатай хамтран “Иргэдийн банкны шинэ тренд, стратегиуд” олон улсын сургалтыг өнгөрсөн 7 хоногт буюу 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 6 дугаар сарын 9-ний өдрийн хооронд амжилттай зохион байгууллаа.
Санхүүгийн ур чадварын олон улсын сургагч багш, ING Luxembourg SA-ийн иргэдийн банкны удирдлагын багийн гишүүн, Бизнесийн эрсдэл ба байгууллага хариуцсан захирал Кристиан Мореелс бидний урилгаар манай улсад хүрэлцэн ирж, энэхүү сургалтыг удирдан явуулсан юм.
Тэрбээр сургалтанд оролцогчдод олон улсын иргэдийн банкны хандлага, түүний сувгийн менежментийн шинэчилсэн стратеги трендүүдийг технологийн дэвшил болон салбарт гарч буй өөрчлөлтүүдтэй уялдуулан хэрхэн оновчтой хэрэгжүүлэх талаар шинэ арга барил, ойлголт мэдлэгийг өгсөн.
Энэхүү сургалтад иргэдийн банк хариуцсан захирал, ахлах мененжер, мэргэжилтнүүд, мөн иргэдийн банкны үйл ажиллаааг дэмжигч харилцагчийн үйлчилгээнд чиглэсэн нэгжүүдийн дунд болон түүнээс дээш түвшний менежерүүд хамрагдлаа. Сургалт нь Танхимаар, Англи хэлнээс дагалдах Монгол орчуулгатай явагдсан бөгөөд амжилттай суралцаж төгссөн оролцогчиддоо сертификат гардууллаа.
Сургалтыг удирдан явуулсан Кристиан Мореелс нь ING Luxembourg SA-ийн Иргэдийн банкны удирдлагын багийн гишүүн бөгөөд Бизнесийн эрсдэл ба байгууллага хариуцсан захирлаар ажилладаг. Тэрбээр 1993 онд ING Luxembourg SA-д ажиллаж эхэлсэн бөгөөд олон улсын хөрөнгө оруулалтын зөвлөхөөр анх ажиллаж эхэлжээ. Кристиан Мореелс нь иргэдийн банкны бизнесийн чиглэлээр олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж, сургалт, зөвлөгөө, көүчингийн үйлчилгээг үзүүлдэг. Мөн тэрбээр Дижитал банкны томоохон төслүүд болон бусад стратегийн төслүүдийг хэрэгжүүлэн ажилладаг, туршлагатай зөвлөх юм.
Сургалтын үеэр сургагч багш Кристиан Мореелс нь Банк санхүүгийн академийн Гүйцэтгэх захирал Г.Бумчимэгтэй цаашдын төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцож, тус академийн хамт олонд ажлын өндөр амжилтыг хүслээ.
Кристиан Мореелс багшдаа талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье!
Мөн сургалтанд хамрагдсан нийт банкирууддаа амжилт хүсье!
“Банк санхүүгийн академи” ГҮТББ