Банк Санхүүгийн Академийн гүйцэтгэх удирдлага шинээр томилогдлоо

БСА-ийн мэдээ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Банк Санхүүгийн Академи (БСА)-ийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр тус академийн Гүйцэтгэх захирлаар Гунгаагийн Бумчимэг томилогдож, 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн үүрэгт ажилдаа орлоо.

Г.БУМЧИМЭГ
Г.БУМЧИМЭГГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Г.Бумчимэг нь Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийг 2003 онд эдийн засагч мэргэжлээр бакалаврын зэрэг, 2010 онд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Манчестерийн Их сургуульд эдийн засгийн онолын шинжлэх ухааны магистрын зэрэг тус тус хамгаалсан.

Тэрээр 2003-2014 онд Монголбанкны Мөнгөний бодлогын газарт эдийн засагчаар ажилласан. Мөнгөний бодлогыг боловсруулахад шаардлагатай эдийн засгийн төсөөлөл, бодлогын шинжилгээ, байгалийн баялаг ихтэй орнуудын мөнгөний болон төсвийн бодлогын чиглэлээр судалгааны ажлууд хийсэн. Ирээдүйгээ харсан мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхэд Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны шийдвэр гаргалтанд шаардлагатай мэдээллийн үндсэн эх үүсвэр болох макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн таамаглалыг хөгжүүлэх зорилгоор Төсөөлөл бодлогын шинжилгээний системийг 2012-2014 онуудад хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

Г.Бумчимэг нь 2014 онд “Монголын Эдийн Засгийн Шинжилгээ Судалгааны Төв”-ийг үүсгэн байгуулж 2021 хүртэл тус төвийн захирлаар ажилласан. Энэ хугацаанд олон судалгааны ажлыг удирдаж хийснээс гадна, иргэдийн эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх, бодлогын шийдвэрийг үнэлэх, эргэцүүлэх чадварыг дээшлүүлэх чиглэлээр, мөн оюутан залуусын нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.

Түүнчлэн Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Монгол улсын Сангийн яам зэрэг байгууллагуудад Монгол улсын эдийн засгийн төсөөлөл хийх загваруудыг хөгжүүлэхэд зөвлөхөөр ажилласан туршлагатай.

2014 оноос 2021 он хүртэл БСА-ийн Гүйцэтгэх захирлаар Ш.Алтанцэцэг ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа салбарын хүний нөөцийг сайжруулах, сургалтын үйл ажиллагааг дэмжих, ОУ-ын байгууллагууд болон МУ-ын зохицуулагч байгууллагуудтай хамтын ажиллагааг зузаатгаж, банк санхүүгийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн томоохон арга хэмжээнүүдийг санаачлан, зохион байгуулалтуудыг тогтмолжуулахад өндөр үүрэг гүйцэтгэснээс заримыг дурдвал “Банк санхүүгийн салбарын хүний нөөцийн зөвлөгөөн”, “Annual conference” зэрэг бөгөөд мөн түүнчлэн олон нийтийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэхэд анхаарч жил бүр өнчин хүүхдүүдэд зориулсан арга хэмжээг зохион байгуулж ирсэн юм.

Банк санхүүгийн академийн Гүйцэтгэх захирлаар олон жил үр бүтээлтэй ажилласан Ш.Алтанцэцэг захиралд болон шинээр томилогдсон Г.Бумчимэг захиралд Удирдах Зөвлөл, ажилтнуудын нэрийн өмнөөс талархал илэрхийлж цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.

БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИ