ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРАХ УРЬДАЧ НӨХЦӨЛ БҮРДЭНЭ

Семинар
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Банк гэдэг үгийг сонсохоор зарим хүнд шууд л “зээлийн өндөр хүү” гэж буудаг болжээ. Тэгвэл энэ өндөр хүүг бууруулахын урьдач нөхцөл нь яалт ч үгүй банк, санхүүгийн салбарын ажилтнуудын мэдлэг, ур чадвар, ёс зүйт байдал юм.

Иймд банк, санхүүгийн салбарын хүний нөөцийн чанарыг тодорхойлогч мэргэжилтэн, эрдэмтэн багш, экспертүүд Талант менежемент сэдвийн дор 2018 онд анх удаа зөвлөлдсөн байдаг. Уг зөвлөгөөний онцлох үр дүн нь “Монгол Улсын банкны салбарт ажиллахад тавигдах мэдлэг, ур чадварын суурь шаардлага”-ыг хэрэгжүүлэхэд банкууд хүний нөөцийн бодлогоор дэмжих, их, дээд сургуулиуд сургалтын хөтөлбөрөө шинэчлэх зэргээр хамтарч ажиллахаар санал нэгдсэн явдал байлаа.

Тэгвэл дээрх арга хэмжээг энэ жил хоёр дахь удаагаа “Хувь хүний хөгжил” сэдвийн дор энэ оны аравдугаар сарын наймны өдөр зохион байгууллаа. Зөвлөгөөний зохион байгуулалт, технологийн шийдэл гээд олон зүйл оролцогчдод содон байв. Хамгийн гол нь, анхдугаар зөвлөгөөний баримт бичгийн хэрэгжилтийг дүгнэхэд энэ жил онцлон анхаарсан нь шинэлэг үзэгдэл гэж хэлж болно. Үүний тулд банкуудаас төрөл бүрийн тайлан, судалгаа авахын зэрэгцээ 2019.01.01-ний өдрөөс хойш банкны салбарт шинээр ажилд орсон ажилтнуудаас түүвэрлэн онлайн тест авсан.

Зөвлөгөөний онцлох сэдвээр олон улсын чиг хандлага ямар байгаа тухай товч мэдээлэл өгөв. Үүний үндсэн дээр зөвлөгөөнд оролцогчид хувь хүний хөгжилтэй холбоотой чухал гурван асуудлаар хэсгүүдэд хуваагдан тусгай хэлэлцүүлгүүд хийсэн. Эдгээр хэлэлцүүлгийг банкны салбарт хүний нөөцийн чиглэлээр ажилласан туршлагатай экспертүүд хөтлөн явуулжээ. Хэлэлцүүлгийн модераторууд нь нэгдсэн зөвлөгөөнд өөрсдийн хариуцсан асуудлаар ямар шийдэлд хүрснээ танилцуулсан. Үүний дараа 2019 оны зөвлөмжид тусгах саналуудыг томъёолон нийт оролцогчдоос шууд, ил санал хураалт явуулсан юм. Энэ нь Монгол Улсын банкны салбарын хүний нөөцийн нэгдсэн бодлого боловсруулахад зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн хүн бүрийн саналыг тусгах, оролцоог хангасан шинэ арга барил байв. Эдгээрийн дараа Манлайлал сэдвээр олон улсын эксперт илтгэл тавьсан нь зөвлөгөөнд оролцогчдын мэдлэгт нэмэр болсон ач холбогдолтой зүйл болжээ.

Зөвлөгөөний баримт бичигт үндсэн болон зочин илтгэгчдийн гол санаа, уриалга, байр суурийг хураангуйлан оруулахаас гадна хэлэлцүүлгийн хэсгээс гарсан саналуудыг тодорхой тусгах юм.

Энэхүү арга хэмжээг Банк санхүүгийн академиас Монголбанк, Монголын Банкны Холбоотой хамтран Хадгаламжийн даатгалын корпорацийн дэмжлэгтэйгээр зохион байгуулдаг уламжлал тогтоод байна. Энэ жилийн хувьд, арилжааны 12 банк, Монгол Улсын Хөгжлийн Банк, Хөрөнгийн бирж, санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд, их дээд сургуулиуд, зохицуулагч байгууллагуудын төлөөлөл нийт 147 хүн оролцлоо.

Та БСА-ийн сургалт, үйл ажиллагааны мэдээллийн мэйл жагсаалтад бүртгүүлж сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой.