“House of Training” байгууллагын санхүүгийн ур чадварын олон улсын сургагч багш, аудитор, эрсдэлийн шинжээч, зөвлөх Ив Децюнинк бидний урилгаар манай улсад хүрэлцэн ирж, энэхүү сургалтыг удирдан явуулсан юм.
Тэрбээр энэхүү сургалтаар дамжуулан оролцогчдод дотоод аудитын төлөвлөлт, ажлын бүхий л үе шатанд ашиглаж болох хамгийн сайн тоон болон чанарын арга хэрэгслүүдийг танилцуулж, эдгээрийг үйл ажиллагаандаа хэрхэн бие дааж, одоогийн арга техниктэй хослуулан ашиглах талаар шинэ ойлголт, мэдлэгийг өглөө.
Энэхүү сургалтад банк, санхүүгийн салбарын дотоод аудиторууд, үйл ажиллагааны эрсдэлийн шинжээч, хянан шалгагч нар болон комплаенсын ажилтнууд хамрагдлаа. Сургалт нь танхимаар, Англи хэлнээс дагалдах Монгол орчуулгатай явагдсан бөгөөд сургалтын явцад оролцогчид маань давхар кейс судалгаа, дасгал ажилласан.
Банк Санхүүгийн Академийн хувьд ойрын жилүүдэд дотоод аудиторууд, хянан шалгагч нарт зориулсан олон улсын томоохон сургалтыг зохион байгуулаагүй тул энэхүү сургалт нь нэлээн онцлогтой, үр өгөөжтэй сургалт болсон гэж харж байна.
Сургалтын дараа “House of Training” байгууллагын сургагч багш Ив Децюнинк Банк Санхүүгийн Академийн Гүйцэтгэх захирал Г.Бумчимэгтэй цаашдын төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцож, тус академийн хамт олонд ажлын өндөр амжилтыг хүслээ.
Сургагч багш Ив Децюнинк болон сургалтад хамрагдсан нийт оролцогч нартаа талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье!