Монголын Банкны Холбоотой хамтран улирал тутам гаргадаг “Банкны салбарын тойм” судалгааны 2024 оны эхний улирлын тайланг Та бүхэнд танилцуулж байна.
Энэ удаагийн судалгаанд банкны салбарын хүртээмж бусад улс орнуудтай харьцуулахад ямар байгааг онцоллоо.
Банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, өсөлттэй байлаа. Банкны салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17 хувиар нэмэгдлээ. Эдийн засгийн салбаруудын сэргэлттэй зэрэгцэн чанаргүй зээлийн хэмжээ буурч эхэлжээ. Эдийн засгийн салбаруудыг дэмжихэд чиглэсэн банкны зээлийн өсөлт үргэлжилсээр байна.
Төлбөрийн тэнцэл ашигтай байгаа хэдий ч импортын бараа бүтээгдэхүүний худалдан авалт нэмэгдэж байгаа нь валютын нөөцөд дарамт болох эрсдэлийг дагуулж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын өсөлт үргэлжилсээр байгаа нь төсвийн орлогыг нэмэгдүүлж, төсвийн тэнцэл ашигтай байх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.
Уул уурхай, тээврийн салбарын өсөлтөөс гадна барилга, боловсруулах үйлдвэр болон үйлчилгээний салбар өсөлтэй байгаа нь эдийн засаг 7.8 хувиар тэлэхэд чухал нөлөө үзүүлжээ. Өнгөрсөн оны сүүлээс өвөлжилт хүндэрч мал аж ахуйн салбарт ихээхэн хохирол учирсан нь хөдөө аж ахуйн салбарт сөргөөр нөлөөллөө. Нийлүүлэлтийн гаралтай бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ тогтворжиж инфляцын түвшин буурчээ.
Эдийн засгийн үзүүлэлтүүд сайжрахтай зэрэгцэн тооцоо судалгаагүй, үр ашиггүй “Борооны дараах мөөг шиг” олон төсөл, хөтөлбөрүүдийг төрөөс хэрэгжүүлж эхэлбэл эдийн засгийн сэргэлтийг хязгаарлах, цаашлаад дордоход хүргэж болох эрсдэл буйг санах нь зүйтэй.
2024 ОНЫ БАНКНЫ САЛБАРЫН ОНЦЛОХ ӨӨРЧЛӨЛТ, ЦААШДЫН ХАНДЛАГА
- Иргэд, аж ахуйн нэгжийг дэмжихэд чиглэсэн зээл олголт нэмэгджээ.
- Банкуудын чанаргүй зээлийн багц буурчээ.
- Системийн нөлөө бүхий 5 банкны санхүүгийн үзүүлэлт харьцангуй сайн байна.
- Олон нийтэд нээлттэй болсон банкууд 2023 оны ашгаас 483 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний ногдол ашиг хуваарилжээ.
- Банкны салбарын санхүүгийн хүртээмжийн үзүүлэлтүүд олон улстай дүйцэхүйц байна.
- Төгрөгийн хадгаламжийн өгөөж нэмэгдсэн нь төгрөгийн хадгаламж нэмэгдэхэд чухал нөлөө үзүүллээ.
Банкны салбарын тоймын 2024 оны эхний улирлын дэлгэрэнгүй үзүүлэлттэй ЭНД дарж танилцана уу.