Г.Тэмүүжин: Аудитор бол байгууллагын өмнөө тавьсан зорилтыг хангахад нь туслах хараат бус сайн зөвлөгч нь байх хэрэгтэй.

Банк Санхүүгийн Академи нь Люксембургийн “House of Training” сургалтын байгууллагатай хамтран “Аудит хийх шинэ арга, хэрэгслүүд” олон улсын сургалтыг зохион байгуулсан билээ. Уг сургалтад хамрагдсан, манай шилдэг банкируудын нэг, Ариг банкны Дотоод аудитын газрын захирал Г.Тэмүүжин сэтгэгдлээ хуваалцлаа.

Г.Тэмүүжин: “Миний бие банк, санхүүгийн салбарт 2011 оноос дотоод хяналт, дотоод аудитын чиглэлээр 12 дахь жилдээ ажиллаж байна. 2021 оны 12 дугаар сараас эхлэн Ариг банкны Дотоод аудитын газрын захирлаар ажиллаж байна. Юуны өмнө энэхүү сургалтын зохион байгуулсан Банк Санхүүгийн Академи болон хичээл заасан санхүүгийн ур чадварын олон улсын сургагч багш, аудитор, эрсдэлийн шинжээч Ив Децюнинк-т талархсанаа илэрхийлье.

Өнөөгийн энэ цаг үед бизнесийн үйл явц тэр дундаа банкны салбар илүү хурдацтай шинэчлэгдэж, дижитал хэлбэрт шилжиж байна. Үүнийг дагаад байгууллагын дотоод аудиторууд нь олон улсын практик туршлагуудаас байнгын суралцаж, аливаа шинэчлэл, өөрчлөлтөд бэлэн байж, шинэ арга техник, эзэмших зайлшгүй шаардлагууд бий болж байна.

Тийм ч учраас энэхүү сургалтад хамрагдахыг зорьж, сургалтаас олон зүйлсийг олж авсандаа баяртай байна. Уг сургалт нь олон улсад хэрэглэгдэж буй дотоод аудитын ажлын бүхий л үе шатанд хэрэглэх боломжтой тоон болон чанарын арга хэрэгслүүд болон бусад аудитын шинэ арга хэрэгслүүдийг нарийн танилцуулж, тодорхой жишээ дээр ажиллах байдлаар явагдаж, тодорхой үр дүнгээ өгсөн, сайн сургалт болж өнгөрлөө.

Мөн суралцагч дотоод аудиторуудын сургалтын хэрэгцээнд нийцсэн, үнэтэй мэдлэгийг хуваалцсан, олон арга хэрэгслийн талаар мэдлэг нэмсэн чухал сургалтуудын нэг болсон гэж бодож байна. Бид аудитын үйл явцдаа тохирсон арга хэрэгслийг ашиглаж, үр дүнтэй аудит гүйцэтгэх замаар байгууллагын үйл ажиллагааг улам бүр сайжруулж, үр ашгийг дээшлүүлэн, байгууллагын өмнөө тавьсан зорилтоо хангахад нь туслах хараат бус сайн зөвлөгч байх хэрэгтэй, үүнийг дагаад дотоод аудитын үнэ цэнэ нэмэгддэг гэж боддог.” хэмээн сэтгэгдээ хуваалцлаа.

Г.Тэмүүжин Таны ажилд өндөр амжилт хүсье!

Санал болгох: