Аудитын тухай

Аудитор нь байгууллагын санхүүгийн тайланг шалгаж, нягтлан бодох бүртгэлээ хэр сайн хөтөлсөн, хөрөнгө, үйл ажиллагаагаа бүгдийг нь зохих журмын дагуу зөв бүртгэсэн эсэх, үйл ажиллагаа нь хуулийн дагуу явагдаж уу гэх зэргийг хянадаг.

Эцэст нь жил, улирлын санхүүгийн тайлан нь тухайн байгууллагын санхүүгийн байдал болон үйл ажиллагааны санхүүгийн үр дүнг бодитой тусгасан эсэх талаар дүгнэлт өгч, баталгаа гаргадаг хараат бус мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг, тусгай зөвшөөрөл бүхий санхүүгийн зах зээлийн чухал оролцогчийн нэг юм.

Байгууллага бүр санхүүгийн тайлан гаргаж, түүнийгээ өөр өөр зорилгоор хэрэглэгчдэдээ толилуулдаг. Иймээс аудитын гол зорилго бол хэрэглэгчдийг үнэн зөв, баталгаажсан санхүүгийн мэдээллээр хангах явдал байдаг. Бизнесийн байгууллагын удирдлагад ирээдүйн хөрөнгө оруулалт болон зээлийн шийдвэр гаргахад үнэн зөв санхүүгийн мэдээлэл чухал байдаг. Тухайлбал, зээлдүүлэгч банк зээлдэгчийн санхүүгийн байдлын талаар үнэн зөв мэдээлэл авснаар зээлийн эрсдлээ бууруулна.

Мөн түүнчлэн тендер зарлаж, гэрээ хийх талаа сонгох гэж байгаа харилцагчийн хувьд нөгөө талынхаа санхүүгийн үнэн зөв мэдээллийг авах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, санхүүгийн мэдээллийн хэрэглэгч бүр өөр өөр зорилготой боловч мэдээлэл үнэн зөв баталгаатай байх нь тэдний хувьд чухал ач холбогдолтой.

Энэхүү мэдээллийн үнэн зөв баталгаатай байдлыг аудитын үйл ажиллагаа хангадаг. Аудитын үйл ажиллагаанд үйлчлүүлэгч, аудитор гэсэн хоёр тал оролцдог. Харин баталгаажсан мэдээллийг хэрэглэгчид ашиглана.

Үйлчлүүлэгч гэж гэрээний үндсэн дээр аудит хийлгэж байгаа аж ахуй нэгж, байгууллага, хувиараа аж ахуй эрхлэгч иргэн, бусад эрх бүхий этгээдийг хэлнэ. Жишээлбэл, хөрөнгийн биржид бүртгэлтэй бүх төрлийн хувьцаат компани, хөрөнгийн биржид бүртгүүлэх зөвшөөрөл хүсч буй компани, 50 сая ба түүнээс дээш төгрөгийн хөрөнгөтэй байгууллага, өөрчлөн шинэчлэгдэж, татан буугдаж байгаа болон бүх хөрөнгөө дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа байгууллага зэргийг заавал аудит хийлгэсэн байхыг хуулиар шаарддаг. Түүнээс гадна Компанийн тухай хуулийн 91.2-т заасны дагуу төлөөлөн удирдах зөвлөл, хувьцааны 10-с дээш хувийг эзэмшигч нь аудитын ээлжит бус шалгалтыг хэдийд ч хийх эрхтэй.

Аудитор нь үйлчлүүлэгчийн захиалгын дагуу гэрээ байгуулж, санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдийн үндэслэлийг шалгаж, дүгнэлт гарган, зөвлөгөө өгдөг. Олон улсын стандартын дагуу аудитор нь хараат бус ажиллах үүрэгтэй.

Хэрэглэгч нь аудитын зорилгоос шалтгаалан хэрэглэгч нь хэн ч байж болно. Хөрөнгө оруулагч, зээлдүүлэгч, гэрээний нөгөө тал, эсвэл төрийн зохицуулах байгууллагууд нь аудитын тайлангийн анхдагч хэрэглэгч байдаг.

Аудитын тайлан

Та хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргахдаа хувьцаа, бондыг нь худалдан авах гэж байгаа компани, хадгаламж хийх гэж буй банкныхаа санхүүгийн тайлангийн талаар гаргасан аудитын дүгнэлтийг анхааралтай уншиж, ойлгож чаддаг байх шаардлагатай.

Аудитын тайланд тусгагдах ёстой мэдээллийг аудитын олон улсын стандартад тодорхойлсон байдаг. Үүнд:

  • Тайлангийн толгой буюу нэр
  • Тайланг хүлээн авагчийн хаяг
  • Оршил хэсэг /удирдлага ба аудиторын хариуцлага
  • Ажлын цар хүрээний хэсэг
  • Дүгнэлтийн хэсэг – Аудитын тайлангийн хамгийн гол хэсэг
  • Тайлан гаргасан он cap өдөр
  • Аудиторын хаяг
  • Аудиторын гарын үсэг
  • Аудитын тайлангийн санал дүгнэлтийн хэсэг нь ямар стандартын дагуу бичигдсэнийг харгалзан ямар төрлийн дүгнэлт гаргасныг тодорхойлдог.

Ерөнхийдөө дөрвөн төрлийн дүгнэлттэй тайлан гаргадаг.

Нэг. Зөрчилгүй тайлан

Аудитын тайлангийн санал дүгнэлтийн хэсгээс

“Санхүүгийн тайлангууд нь 200… оны 12 сарын 31-нээрх санхүүгийн байдал ба жилийн үйл ажиллагааны үр дүнг нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын стандартын зарчмуудын дагуу үнэн зөв, бодитой илэрхийлсэн байна гэж бид дүгнэж байна”. Таны сонирхсон компаний аудитын тайлангийн санал дүгнэлтийн хэсэгт ингэж бичсэн байвал ямар ч алдаагүй, үнэн зөв илэрхийлэгдсэн санхүүгийн тайлан байна гэж ойлгох хэрэгтэй.

Хоёр. Зөрчилтэй дүгнэлт бүхий тайлан

Аудитын тайлангийн санал дүгнэлтийн хэсгээс

“А банк нь бидний шалгасан хугацаанд зээлийн ангиллыг өөрсдийн дотоод журмыг баримтлан хийжээ. Дээрхээс бусад үйл ажиллагааг үнэн зөв бодитой илэрхийлсэн байна” гэж бичсэн тохиолдолд зөрчилтэй дүгнэлт бүхий тайлан гарсан гэж үзнэ. Ер нь аудитын тайлангийн санал дүгнэлтийн хэсэгт “…Үүнээс бусад нь…”, “Дор дурдсанаас бусад нь…”, “Дээрхээс бусад нь…” гэх мэт өгүүлбэр орсон байвал тодорхой үйл ажиллагааг аудитын хувьд зөв гэждүгнэж болохооргүй байсан бөгөөд зөрчилтэй дүгнэлт бүхий тайлан гарчээ гэж ойлгох ёстой. Ийм тохиолдолд уг дүгнэлтэд заасан хэсэг нь хөрөнгө оруулагч Танд хэр зэрэг хохирол учруулж болохыг зайлшгүй анхаарах шаардлагатай болно. Ер нь аудитор ийм дүгнэлт гаргасан бол хөрөнгө оруулалтаасаа татгалзах нь зүйтэй.

Гурав. Дүгнэлт өгөхөөс татгалзсан тайлан

Аудитын тайлангийн санал дүгнэлтийн хэсгээс

“Б банк аудитын ажлын цар хүрээний боломжийг хязгаарлаж, нөхцөл бололцоог бүрдүүлээгүй, зарим мэдээ материалтай танилцах бололцоо олгоогүй учир бид тус банкны гадаад дахь харилцах дансны үлдэгдлийгтулган баталгаажуулж чадсангүй”. Ийм дүгнэлт нь аудитор хэдийгээр шалгаж баталгаажуулж чадаагүй ч санхүүгийн тайлангийн хэмжээнд тэрээр материаллаг бус байна гэж үзсэн үед бичигддэг. Энэ жишээний хувьд Б банкны гадаадын дансанд мөнгө байгааг аудитор нотолж чадаагүй буюу аудитор нь энэ тухай хангалттай дүгнэлт өгөх боломжгүй байлаа гэсэн утгатай бөгөөд аудитор дүгнэлт өгөхөөс татгалзсан байна гэж ойлгоно.

Дөрөв. Сөрөг дүгнэлттэй тайлан

Аудитын тайлангийн санал дүгнэлтийн хэсгээс

“Бидний үзэж байгаагаар С банк мөнгөн гүйлгээний тайланг үнэн зөв үйлдээгүй байна. Энэ нь нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмыг дагаж мөрдөөгүйтэй холбоотой гэж үзэж байна”. Шалгах явцад гарсан тодорхой бус байдал нь материаллаг нөлөө үзүүлнэ гэж үзсэн үед ийм дүгнэлтийг хийдэг. Материаллаг нөлөө үзүүлнэ гэдэг нь санхүүгийн тайланд байгаа алдаанаас болж санхүүгийн мэдээлэл зөв илэрхийлэгдээгүйгээс хэрэглэгчид нь буруу, алдаатай шийдвэр гаргахад хүргэж болохуйц нөлөө гэж ойлгоно.

Дээрх дөрвөн төрлийн аль нэг хэлбэрээр аудитын дүгнэлт бичигдсэн байна. Аудитор нь үйлчлүүлэгчдэдээ зориулан аудитын зөвлөмж гаргадаг. Харин санхүүгийн тайлангийн хэрэглэгч уг зөвлөмжийг тэр бүр авч үзэх боломж бололцоо байдаггүй. Иймд “Хараат бус аудиторын дүгнэлт” гэсэн хуудас цаасыг уншаад ямар төрлийн дүгнэлт болохыг таньж мэдэх нь чухал бөгөөд Та дээр дурдсан хэлбэрүүдийг сайтар мэдсэнээр шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллээ олох чадвартай болно

Эх сурвалж: Санхүүч, банкир Г.Алтангэрэлийн “Санхүүгийн эрх чөлөө” номноос …

Люксембургийн “House of Training” олон улсын сургалтын байгууллагатай хамтран зохион байгуулж буй “Аудит хийх шинэ арга, хэрэгслүүд” сургалт 2023.09.11 – 2023.09.14-ний өдрүүдэд болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7575-4848, 8822-7208 дугаараас авна уу.

Санал болгох:

О.Мөнхзаяа: Ажлын онцлогоос хамаарч өдөр бүр шинэ сорилт, янз бүрийн кейстэй тулгардаг тул харилцагчаасаа, удирдлагаасаа, хамтран ажиллаж буй нөхдөөсөө суралцаж байдаг

Банк Санхүүгийн Академи нь Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банк (EBRD)-ны хэрэгжүүлж буй Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн хөтөлбөр (RSBP)-тэй хамтран олон улсын

Сургагч багшийн сургалт боллоо

Банк Санхүүгийн Академийн брэнд сургалтуудын нэг “Сургагч багш”-ийн сургалт 2024.10.29 – 11.01-ний өдрүүдэд Монголын Банкны Холбооны сургалтын танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Манай

“Responsible investing” сургалтад урьж байна

Банк Санхүүгийн Академи, Люксембургийн “House of Training” олон улсын сургалтын байгууллагатай хамтран “Responsible investing: Context, challenges, and best practices in asset management”