Банкны ажилтнуудыг чадавхжуулах замаар олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх сургалт, хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын банкны салбарын ажилтнуудад тавигдах нэгдсэн суурь шаардлагын жишгийг Монголбанкнаас 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр баталсан билээ.
Тэгвэл энэхүү жишиг шаардлагыг хангуулах ажлын хүрээнд Германы Шпаркассэ банкны Монгол дахь сан, Банк Санхүүгийн Академи хамтран “Шинэ банкирын онол практик хосолсон сургалт”-ыг амжилттай хэрэгжүүлсээр байна.
“Ухаалаг ирээдүйн зүгт” уриаг эрхэм болгосон Капитрон Банкны ажилтнуудаас бүрдсэн “Шинэ банкирын онол, практик хосолсон сургалт” Монголбанкны Төв байранд өнөөдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр эхэллээ.
Сургалтыг нээж, Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн захирал Б.Одонтунгалаг, Германы Шпаркассэ банкны Олон улсын хамтын ажиллагааны Монгол дахь сангийн Төслийн төлөөлөгч П.Оюунчимэг, Капитрон Банкны Байгууллагын хөгжил, хүний нөөцийн газрын захирал Ч.Халиун, Банк Санхүүгийн Академийн Сургалтын албаны Ахлах менежер Б.Ууганхүү нар нийт суралцагч банкирууддаа амжилт хүслээ.
Уг сургалтын хөтөлбөрт Капитрон Банкны чадварлаг ажилтнууд сонгогдон хамрагдаж байгааг нээлтийн үеэр тус банкны Байгууллагын хөгжил, хүний нөөцийн газрын захирал Ч.Халиун онцолсон.
Тус сургалтын эхний модуль болох “Эдийн засгийн нөхцөл байдал” модуль сургалтыг Банк Санхүүгийн Академийн сургагч багш Н.Батжин эхлүүллээ.
“Шинэ банкирын онол практик хосолсон сургалт” нь нийт 11 модультай, 9 сарын турш үргэлжлэн явагддаг бөгөөд олон улсын стандартад нийцсэн, суралцагчдын софт скиллийн ур чадварыг хөгжүүлдэг онцгой сургалт юм.
Банкны ажилтнууд тус сургалтад хамрагдсанаар банкны үйлчилгээг иргэдэд илүү ойлгомжтой, хялбараар хүргэх, улмаар харилцагчийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалж, банк санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах ач холбогдолтой юм. Түүнчлэн тус сургалт нь банкны ажилтанд тохирсон суурь мэдлэг, ур чадварыг өгөхийн зэрэгцээ карьер хөгжлийнх нь хамгийн чухал тулгуур болдог.
Капитрон банкны хувьд ажилтнуудынхаа сургалт, хөгжилд анхаарал хандуулан ажилладаг бөгөөд дотоод, гадаадын мэргэжлийн болон бусад чиглэлийн сургалтуудад хамруулж, хүний нөөцөө бэхжүүлэн, чадавхжуулахын зэрэгцээ ажилтнууддаа хандсан нийгмийн хөтөлбөр, ажлуудыг санаачлан хэрэгжүүлсээр байна.