
Банк санхүүгийн академи нь үйл ажиллагаагаа өргөжүүлэх стратегийн хүрээнд олон улсын нэр хүнд бүхий байгууллагуудтай хамтран сургалт аялал, цахим болон танхимын сургалтуудыг зохион байгуулж байгаагаас гадна орон нутгийн банк, санхүүгийн салбарын ажилтнуудыг тухайн бүс нутагт нь танхимын сургалтыг зохион байгуулах замаар чадавхжуулах ажлыг зохион байгуулж байна.
Тодруулбал, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (EBRD) – ны Монгол дахь Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөр (RSBP)-тэй хамтран өнгөрсөн 5-р сард ЖДҮ-ийн зээлийн ажилтнуудад зориулан тус бүр 2 өдрийн, 2 удаагийн сургалтыг ОУ-ын экспертээр удирдуулан зохион байгуулсан бөгөөд тухайн сургалтын төлбөрөөр санхүүжүүлсэн орон нутгийн банк, санхүүгийн салбарын ажилтнуудад зориулсан сургалтыг эхний ээлжинд Дорнод аймгийн төв Чойбалсан хотод явуулж байна.
2023 оны 9-р сарын 08-09 өдрүүдэд явагдах энэхүү сургалт нь бичил бизнесийн хөлөгт тоглоом, хууль эрх зүй болон хувь хүний хөгжлийн сэдвүүдийг хамруулсан бөгөөд Хаан, Хас, Голомт, Худалдаа Хөгжлийн Банк болон Төрийн банк, түүнчлэн Транскапитал ББСБ-ын нийт 60 орчим ажилтан хамрагдаж байна.
Удаах ээлжийн сургалт нь 2023 оны 9-р сарын 15-16-ны өдрүүдэд Дархан хотод мөн адил хөтөлбөрөөр явагдахаар зохион байгуулалтын ажил явагдаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар Ариг, Капитрон, Чингис хаан банк болон системийн нөлөө бүхий 5 банкны ажилтнууд хамрагдахаар нэрсээ ирүүлээд байна.
Дашрамд дурдахад, энэхүү төслийн ОУ-ын экспертээр удирдуулсан дараагийн 2 удаагийн сургалт 10-р сард зохион байгуулагдах бөгөөд тус сургалтуудаас цугларсан санхүүжилтээр баруун болон говийн аймгуудын банк, санхүүгийн салбарын ажилтнуудад зориулсан сургалтыг зохион байгуулах юм.