Банк Санхүү Академи нь Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн хөтөлбөртэй энэ жилээс хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ оны 5 дугаар сард зээлийн ажилтнуудад зориулсан сургалтыг олон улсын экспертээр удирдуулан зохион байгуулж, бүрдүүлсэн эх үүсвэрээрээ орон нутгийн ажилтнуудыг чадавхжуулах сургалтуудыг явуулж байна.
Энэ ажлын хүрээнд орон нутгийн банк, санхүүгийн салбарын ажилтнуудад зориулсан сургалтыг Дархан-Уул аймагт 2023 оны 9 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Уг сургалтаар Германы Шпаркассе банкны “Бичил бизнесийн хөлөгт тоглоом” болон банк санхүүгийн хууль эрх зүй, хувь хүний хөгжлийн сэдвүүдээр сургалт орох бөгөөд тус аймгийн банк, санхүүгийн салбарын ажилтнууд хамрагдлаа.
Эхний өдөр Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Монгол дахь Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөрийн Банкны Ахлах эксперт Э.Уянга, сургагч багш Ц.Дорждэрэм нар “Бичил бизнесийн хөлөгт тоглоом” сургалтыг явуулж, бизнесийн тайлан тэнцэл, борлуулалтыг яаж илүү хөгжүүлэх талаар сонирхолтой мэдлэг, мэдээллийг өгсөн.
Хоёр дахь өдөр Банк санхүүгийн академийн сургагч багш М.Мөнхбаатар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай, хувь хүний нууц болон цахим гарын үсгийн тухай хуулийн сургалтууд орсон бол сургагч багш Ц.Энхжаргал Бие хүний хөгжил, зорилгын удирдлага ба эрч хүчний удирдлага сэдвээр сургалт орлоо.
Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн хөтөлбөр нь Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны техникийн хамтын ажиллагааны томоохон төслүүдийн нэг бөгөөд банк, санхүүгийн салбарын ажилтнуудад бичил, жижиг, дунд бизнесийн санхүүжилт, үйлчилгээтэй холбоотой мэдлэг, туршлага, ноу-хауг хуваалцах зорилготой.
Банк санхүүгийн академи нь Монгол дахь Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөртэй хамтран олон улсын экспертээр удирдуулсан 2 удаагийн сургалтыг энэ оны 10 дугаар сард зохион байгуулах бөгөөд тус сургалтуудаас цугларсан санхүүжилтээр баруун болон говийн аймгуудын банк, санхүүгийн салбарын ажилтнуудад зориулсан сургалтыг хийхээр төлөвлөөд байна.