Ив Децюнинк: Одоогийн аудиторууд зөвхөн нягтлан бодогч байх бус, технологийн мэдлэгтэй, статистикч, зарим талаар ирээдүйг таамаглагч байхыг шаардах болсон

Банк Санхүүгийн Академи нь хамтран ажиллагч олон улсын банк, санхүүгийн салбарын арвин туршлагатай зөвлөгч, багш, санхүүгийн экспертүүдтэй ярилцлага хийж, тэдний туршлага, зөвлөгөөнөөс Та бүхэндээ хуваалцдаг билээ.

Энэ удаа бид Люксембургийн “House of Training” байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд манай улсад хүрэлцэн ирж, банкны аудиторууд болон эрсдэлийн мэргэжилтнүүдэд зориулан “Эрсдэлд суурилсан аудит ба дотоод хяналт” сургалтыг удирдан явуулсан, “House of Training” байгууллагын сургагч багш, олон улсын санхүүгийн мэргэшсэн зөвлөх Ив Децюнинк /Mr.Yves Deceuninck/-тэй ярилцлаа.

-Сайн байна уу? Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч, цаг зав гарган ярилцлага өгч байгаад Танд талархлаа илэрхийлье! Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулахгүй юу? Та банк санхүүгийн салбартай хэрхэн холбогдсон бэ? Таны сонирхлыг яагаад татах болов?

-Сайн байна уу, танилцсандаа таатай байна. Намайг Ив Децюнинк гэдэг. Мэдээж! Би банкны салбарт 25 гаруй жил ажилласан туршлагатай, эрсдэлийн удирдлага болон аудитын чиглэлээр мэргэшсэн санхүүгийн мэргэжилтэн хүн.

Миний замнал эдийн засгийн чиглэлээр их сургууль төгссөн бөгөөд дараагаар нь санхүүгийн эрсдэлийн удирдлага, дотоод аудит, мэдээллийн технологийн сүлжээ, гэмт хэрэгтнүүдийн сэтгэлзүй, хамгийн сүүлд машин сургалтын алгоритмуудын чиглэлээр мэргэшсэн.Ажлын гараагаа эхлэхэд банк нь зөвхөн мөнгө хадгалах эсвэл зээл олгодог байгууллага биш, харин эдийн засгийн бүхэл бүтэн системийг хөдөлгөгч чухал механизм болохыг ойлгосон. Энэ оюуны сорилт нь намайг банкны салбарт илүү гүн татсан юм.

Би дэлхийн шилдэг банкуудад ажиллах завшаан тохиож, банкны салбарт сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх замаар 50 орчим улсад туршлага хуримтлуулсан. Энэ нь надад уг салбар болон түүний гол тоглогчдын талаар өргөн цар хүрээтэй ойлголт өгсөн. Миний дараагийн зорилго бол банк болон бичил санхүүгийн салбарын зах зээлд ТУЗ эсвэл Аудитын хороонд нэгдэх төлөвлөгөөтэй байна.

-Банк санхүүгийн салбар дижитал шилжилт, технологийн хөгжилтэй уялдан хурдацтай өөрчлөгдөж байна. Аудитын чиг хандлага, стратеги олон улсад хэрхэн өөрчлөгдөж байна вэ?

-Технологийн дэвшлийн хэрээр аудитын арга техникүүд мэдэгдэхүйц хөгжиж байна. Том өгөгдлийн шинжилгээ (Big Data Analytics), хиймэл оюун ухаан (AI), машин сургалт (Machine Learning) зэрэг технологиудыг асар их хэмжээний гүйлгээг бодит хугацаанд шинжлэхэд улам ихээр ашиглаж байна. Хуулийн шаардлагууд олон улсын түвшинд илүү нарийсч, жишээлбэл Европын GDPR зэрэг хилийн чанадаас нөлөөлөх журам, шаардлагууд нэмэгдэж байна. Үүний зэрэгцээ, олон улсын аудитын нэгдсэн стандартууд (жишээ нь COBIT) руу чиглэсэн хандлага хүчээ авч байна.

Мөн блокчэйн (Blockchain) технологи нь бүртгэлийн найдвартай арга хэлбэр болон хөгжиж, аудитын үйл ажиллагааг илүү шилэн, үр дүнтэй болгож байна. Кибер аюулгүй байдлын асуудлууд нь мэдээллийн технологийн аудитын тусгай арга техникийг хөгжүүлэхэд хүргэсэн.

Одоогийн аудиторууд зөвхөн нягтлан бодогч байх бус, технологийн мэдлэгтэй, статистикч, зарим талаар ирээдүйг таамаглагч байхыг шаардах болсон. Үүнээс гадна, харилцааны ур чадвар болон хэлэлцээр хийх чадвар ч нэмэлт давуу тал болж байна.

-Аудит, эрсдэлийн чиглэлээр ажилладаг банкны менежер, мэргэжилтнүүдэд юун дээр илүү анхаарч ажиллах ёстой вэ? Тэдэнд Та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Банкны аудитор болон эрсдэлийн удирдлагын мэргэжилтнүүд дараах гол чиглэлд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Үүнд:

Нэгдүгээрт, Хууль, журамтай нийцэх байдал (Regulatory Compliance): Үндэсний болон олон улсын шинэчилсэн хууль, журмуудтай байнга танилцаж, уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатай.

Хоёрдугаарт, Кибер аюулгүй байдал (Cybersecurity): Кибер аюул занал нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд аюулгүй байдлын аудит тогтмол хийх нь зайлшгүй чухал.

Гуравдугаарт, Өгөгдлийн удирдлага (Data Management): Банкны өгөгдөл аюулгүй, үр ашигтай хадгалагдаж, боловсруулагдаж, удирдуулж байгааг хянах.

Дөрөвдүгээрт, Залилан илрүүлэлт: (Fraud Detection): Бодит цагийн луйврыг илрүүлэх зорилгоор хиймэл оюун ухаан болон машин сургалтын дэвшилтэт алгоритмуудыг хөгжүүлэх.

Тавдугаарт, Харилцаа холбоо (Communication): Хяналтын чиг үүргээс зөвлөх үүрэг рүү шилжихийн тулд Удирдлагын зөвлөлийн гишүүдтэй харилцах ур чадвараа хөгжүүлэх.

Зургадугаарт, Тасралтгүй сургалт (Continual Learning): Шинэ технологи, аргачлалууд хурдацтай өөрчлөгдөж буй тул тасралтгүй суралцах, шинэ мэдлэг олж авч байх.

Долоодугаарт, Илүү нарийвчилсан эрсдэлийн загваруудыг ашиглаж сурах: Машин сургалт болон дэвшилтэт өгөгдлийн шинжилгээг эрсдэлийн загварт нэвтрүүлж, урьдчилан таамаглах чадварыг сайжруулах.

Наймдугаарт, Чанарын болон тоон үзүүлэлтийг хослуулах: Аудитын аргачлалд зөвхөн тоон өгөгдөл бус, ярилцлага, судалгаа зэрэг чанарын үнэлгээг нэгтгэх гэх мэт.

-Маш чухал зүйлс байна. Таны зөвөлгөөг манай банкны мэргэжилтнүүд, аудиторууд тэмдэглэж аваад, ажилдаа хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

-Баярлалаа. Багцлаад хэлэхэд дараах зөвлөмжийг ойлгосон байхад ажилд нь тодорхой хэмжээгээр тус нэмэр болно гэж бодож байна.

  • Эрсдэлийн үнэлгээний нарийвчлал, үр нөлөөг сайжруулахын тулд дэвшилтэт аналитик хэрэгслүүд болон хиймэл оюун ухааныг нэвтрүүлэхэд хөрөнгө оруул.
  • Зөвхөн тоонд найдаж болохгүй; эрсдэлийг бүх талаас нь харж ойлгохын тулд дотоод болон гадаад мэргэжилтнүүдийн чанарын үнэлгээг тусга.
  • Шинээр үүсч болзошгүй эрсдэлүүд: Геополитик, технологи болон байгаль орчны чиг хандлагыг анхааралтай ажиглаж, банкны салбарт шинэ төрлийн эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийл.
  • Эрсдэлийг тодорхойлох аргачлалаа байнга шинэчил.
  • Эрсдэлийн менежмент болон мэдээллийн технологийн аудитын чиглэлээр олон улсын мэргэжлийн сертификат ав.
  • Шинэ арга техникэд нээлттэй байж, дасан зохицох чадвараа хөгжүүл.
  • Ёс зүйтэй хандлагаа үргэлж хадгал.
  • Аудиторын хувьд харилцааны ур чадвараа сайжруулж, аудитын хороо болон удирдах зөвлөлийн гишүүдтэй үр дүнтэй харилцах боломжийг бүрдүүл.

-Таны аудитын чиглэлээр амжилттай хэрэгжүүлсэн, эсвэл хамгийн сонирхолтой гэсэн төслийн ажлуудаас сонирхмоор санагдлаа. Та энэ тухайгаа бидэнтэй хуваалцвал?

-Би аудитын салбарт амжилттай хэрэгжүүлсэн хоёр сонирхолтой ажлынхаа талаар ярихдаа маш таатай байна.

Нэгдүгээр төсөл маань “Аудитын автоматжуулсан эрсдэлийн үнэлгээний програм” хөгжүүлэлтийн төсөл байсан. Миний хамгийн их сонирхол татсан төслүүдийн нэг бол дээрх хөтөлбөрийг хөгжүүлэх ажил байлаа. Санхүүгийн гүйлгээний хэмжээ, нарийслал нэмэгдэхийн хэрээр эрсдэлийг гараар үнэлэх нь үр ашиггүй, алдаатай болох нь тодорхой болсон.

Эхний шатанд би багийн гишүүдтэй хамтран одоо байгаа процессыг зураглаж, гол эрсдэлийн үзүүлэлтүүдийг тодорхойлсон. Банкны салбарт ажиллаж байсан миний туршлага энэ үед маш их хэрэг болсон. Суурь ажлыг хийж дууссаны дараа бид програм хангамжийн хөгжүүлэгчидтэй хамтран ажиллаж, бодит цагийн горимд олон төрлийн гүйлгээг шинжилж, гажуудал илрүүлэх, эрсдэлийн түвшнээр ангилах систем боловсруулсан.

Сүүлийн шатанд хэрэглэгчийн сургалт болон хөтөлбөрийн хэрэгжилт байсан. Бид хөтөлбөрийг үе шаттайгаар нэвтрүүлж, хэрэглэгчдийн санал хүсэлтэд тулгуурлан сайжруулсны үр дүнд аудитын хугацаа 30%-иар буурч, эрсдэлийг илрүүлэх нарийвчлал 35%-иар нэмэгдсэн.

Хоёрдугаар төсөл нь “Цоо шинэ аудитын хэлтсийг байгуулах” ажил байв. Энэ нь зүгээр л баг бүрдүүлэхээс илүү өргөн хүрээтэй ажил байсан бөгөөд аудитын арга зүйг тодорхойлох, шаардлагатай програм хангамжийг сонгох, байгууллагын хэмжээнд хүн төвтэй аудитын арга барилыг бий болгох зэрэг олон чухал асуудлыг хамарсан.

Ажилтнуудыг сонгон шалгаруулахдаа би зөвхөн техникийн ур чадвар төдийгүй багаар ажиллах, харилцааны ур чадвар зэрэг зөөлөн ур чадваруудыг чухалчилсан олон талт сонгон шалгаруулалтын процессыг боловсруулсан. Зөв технологи нь бидний ажлын үр ашгийг дээшлүүлэх эсвэл хязгаарлах хүчин зүйл болохыг ойлгож, аудитын програм хангамжийн харьцуулалт, сонголтын үйл явцыг удирдан явуулж, эцэст нь манай одоо ашиглаж буй системүүдтэй төгс уялдах шийдлүүдийг сонгосон.

Арга зүйн хувьд би олон улсын аудитын стандартад нийцсэн, мөн манай салбарын онцлог эрсдэлүүдэд тохирсон, эрсдэлд суурилсан аудитын цогц тогтолцоог бий болгосон. Гэхдээ магадгүй хамгийн их урам зориг өгсөн зүйл бол хэлтэс дотроо хүн төвтэй соёлыг бүрдүүлсэн явдал байлаа. Банкны салбарт ажилласан туршлага дээрээ үндэслэн багийнхандаа аудитыг зөвхөн хяналтын хэрэгсэл биш, бизнесийн үнэ цэнийг нэмэгдүүлэх боломж гэж хандахыг зааж сургахын зэрэгцээ ёс зүй, зөвлөх ур чадварыг онцгойлон анхаарсан.

Аудитын хорооны гишүүд болон Аудитын захиралтай харилцааг сайжруулахын тулд хүн хоорондын болон техникийн түвшинд харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх зорилгоор хоёр сар тутмын уулзалтуудыг санаачилсан. Энэ нь тулгамдсан асуудлууд, хүлээлт, ирээдүйн төслүүдийн талаар нээлттэй хэлэлцэх боломжийг бүрдүүлж, харилцан итгэлцлийг бэхжүүлсэн. Техникийн хувьд би гол үзүүлэлтүүд болон аудитын явцыг харуулсан бодит цагийн хяналтын самбарыг нэвтрүүлсэн нь хорооны гишүүд болон Аудитын захиралд шаардлагатай мэдээллийг шууд авах боломжийг олгосон.

Мөн нарийн төвөгтэй аудитын хэрэгслүүдийн талаархи ойлголтыг сайжруулах зорилгоор тусгай сургалтуудыг зохион байгуулж, илүү хамтын ажиллагаатай, мэдээлэлд суурилсан ажлын орчныг бүрдүүлсэн.

Эдгээр хоёр төсөл маш амжилттай хэрэгжиж, үр ашиг, үр нөлөө, багийн уур амьсгалыг мэдэгдэхүйц сайжруулсан. Түүнчлэн банкны салбарт хуримтлуулсан туршлагаа шинэлэг байдлаар ашиглаж, аудитын үйл ажиллагаанд шинэ жишиг тогтоох боломжийг олгосон.

-Та туршлагатай банкир, сургагч, зөвлөгч хүн. Та өдөр тутмын ажлаа хэрхэн төлөвлөж явуулдаг вэ? Туршлагаасаа бидэнд танилцуулаач.

-Миний тухайн өдрийн ажил үүргээсээ хамаарч, өдөр бүр өөр өөр байдаг. Чиглэл чиглэлээр нь ярьвал,

Сургалтын хувьд, Өдрийн эхэнд сургалтын хөтөлбөрөө шалгаж, салбарын өнөөгийн стандарттай нийцэж байгаа эсэхээ баталгаажуулдаг. Банкны салбар дахь туршлагадаа тулгуурлан, сургалтын агуулгатаа бодит жишээнүүдийг оруулах нь чухал гэж үздэг. Тухайн өдрийн хөтөлбөрөө гаргаж, слайд, гарын авлага гэх мэт шаардлагатай материалуудаа бэлдсэний дараа сургалтын хичээлээ эхлүүлдэг. Практикт тулгуурласан, харилцан оролцоотой сургалт явуулахыг зорьдог. Өдрийн төгсгөлд оролцогчдоос санал хүсэлт авч, дараагийн сургалтаа сайжруулахад ашигладаг.

Зөвлөх үйлчилгээний хувьд, Зөвлөхийн хувиар ажиллах өдрүүдэд би хамгийн түрүүнд имэйл болон үйлчлүүлэгчдээс ирсэн чухал мэдээлэл, хүсэлтүүдийг шалгадаг. Үүний дараа судалгаа хийх болон мэдээлэл шинжилгээ хийхэд зориулж тодорхой цагийг гаргадаг. Банкны туршлага маань үйлчлүүлэгчдэд бодитой, хэрэгжихүйц зөвлөмж өгөхөд үнэтэй тус болдог. Төслийн шаардалгаас хамаарч үйлчлүүлэгчтэй уулзалт товлох, харилцах ажлыг зохион байгуулдаг. Өдрийн төгсгөлд төсөлтэй холбоотой бүх баримт бичгийг шинэчилж, нягтлан бодох бүртгэлийн болон бусад захиргааны ажлыг гүйцэтгэдэг (жишээлбэл, нэхэмжлэл илгээх г.м).

Их сургуулийн багшийн хувьд, Би Хууль, Эдийн засгийн факультетийн магистрын 5-р курсын оюутнуудад, мөн Нансигийн Политехникийн сургуулийн инженерийн 5-р курсын оюутнуудад хичээл заадаг. Хичээл заах өдрүүдэд би өмнө нь бэлдсэн тэмдэглэлүүдээ хянаж, лекцийн тэмдэглэлээ шинэчлэн сайжруулдаг. Банкны салбарын практик мэдлэг, туршлагаа хичээлдээ аль болох түлхүү тусгахыг зорьдог. Лекц унших эсвэл семинар удирдсаны дараа оюутнуудтай ганцаарчилсан ярилцлага хийх боломжийг олгож, зөвлөгөө өгөх цаг гаргадаг. Мөн эрдэм шинжилгээний судалгаа хийх, дүн оноох, тэнхимийн хуралд оролцох зэрэг захиргааны үүрэгтээ ч цаг гаргана.

Эдгээр бүх үүрэгт миний банкны салбарт хуримтлуулсан арвин туршлага үндэс суурь болж, үйлчлүүлэгчид болон оюутнуудад үнэ цэнтэй мэдлэг, туршлагаа хуваалцах боломжийг олгодог. Миний гүйцэтгэдэг бүх ажлын хувьд судалгаа хийх, ярилцлага явуулах, үзүүлэн таниулах ажилд ихээхэн цаг зарцуулдаг.

Сонирхолтой ярилцлага өгсөн Танд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье!

-Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье!

Ярилцсан: Э.Учрал

Санал болгох:

“Cloud and Outsourcing officer” сургалт болно

Банк Санхүүгийн Академи нь Люксембургийн “House of Training” олон улсын сургалтын байгууллагатай хамтран “Cloud & Outsourcing Officer” сургалтыг зохион байгуулж байна. “Cloud

“МИК” ОССК-тай хамтарсан харилцааны менежерүүдэд зориулсан сургалт боллоо

Банк Санхүүгийн Академи нь “МИК ОССК” ХХК-тай хамтран “Чанаргүй зээлийн төлбөр барагдуулах ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, зээлийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах практикт суурилсан сургалт”

Сургагч багшийн сургалт болно

Банк Санхүүгийн Академи нь “Сургагч багшийн сургалт” хөтөлбөрийг АНУ-ын Association for Talent Development байгууллагын франчайз эрхээр амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү сургалт нь 2025 оны