Энэ онд Монгол Улсад Банкны тогтолцоо үүсэж бэхэжсэний 100 жилийн ой тохиож байгаа билээ. Түүхэн жилийг тохиолдуулан Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академийн зүгээс хамтран ажиллагч гадаад улс орны банк, санхүүгийн арвин туршлагатай зөвлөгч, багш, санхүүгийн экспертүүдтэй ярилцаж, тэдний олон улсын туршлага, зөвлөгөөг хуваалцаж байна.
Энэ удаа Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банкны (EBRD) санаачилсан Жижиг, дунд бизнесийн бүс нутгийн хөтөлбөр (RSBP) болон Банк санхүүгийн академийн хамтын ажиллагааны хүрээнд манай улсад хүрэлцэн ирж, бизнесийн зээлийн мэргэжилтнүүдийн сургалтыг удирдан явуулж буй, Санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч “КазакстанКредитКонсалт” компанийн үүсгэн байгуулагч, Олон улсын эксперт, багш НАТАЛЬЯ СОЛОВЬЁВА-г ярилцлагын зочноороо урилаа.
–Сайн байна уу? Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч, цаг зав гарган ярилцлага өгч байгаад Танд талархлаа илэрхийлье. Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулахгүй юу? Та санхүүгийн салбартай хэрхэн холбогдсон бэ? Таны сонирхлыг яагаад татах болов?
-Сайн байна уу. Намайг Наталья Соловьёва гэдэг. Би 1990-ээд оны эхээр Казахстан улсад шинэ банкны систем үүсэж, хөгжих үеэр энэ салбарт анх орсон. Их сургуулиа төгсөөд худалдаа, бизнесийн салбарт ажиллаж үзсэн. Эцэст нь 5 үе шат бүхий шалгуурыг давж, банкны Жижиг дунд бизнесийн зээлийн хэлтэст Зээлийн мэргэжилтнээр ажилд орсон. Улмаар 1998 оноос хойш олон улсын төсөл, хөтөлбөрүүд дээр санхүүгийн зөвлөх, сургагч багшаар ажиллаж байна.
Би багаасаа ном унших дуртай, тоонд сонирхолтой хүүхэд байлаа. Харин зээл дээр, тэр дотроо бизнесийн зээлийн судалгаан дээр ажиллах нь дүн шинжилгээ хийх болон харилцагч нарын бодит бизнесийн түүхүүдтэй хослуулах боломжийг олгодог. Шинэ төсөл, шинэ зээлийн судалгаа болгон л манай зээлдэгч нарын амьдрал, амжилтын түүхийн тухай шинэ ном байдаг.
–Та олон орны санхүүгийн байгууллагуудад ажиллаж байсан арвин туршлагатай хүн. Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн орнуудтай харьцуулахад Монгол Улсын банк санхүүгийн салбар ямар онцлогтой санагдсан бэ?
-Тиймээ. Би нэг зүйл анзаарсан. Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн хөтөлбөрийн хүрээнд Банк Санхүүгийн Академитай хамтран Монголын банк санхүүгийн ажилтнуудад сургалтуудыг орлоо. Манай сургалтын оролцогч нар банк санхүүгийн салбартаа удаан ажилласан туршлагатай байсан. Дунджаар 6-8 жил тогтвортой ажиллачихсан. Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн орнуудын хувьд ийм тогтвортой байдал их ховор. Энэ нь миний бодлоор хүний нөөцтэй холбоотой ажлыг хүндрүүлж, туршлагагүй зээлийн ажилтнууд бизнесийн зээлийн харилцагч нартай хамтран ажиллахад бэрхшээл учруулдаг. Монголын банкуудаас хүний нөөцийн стратеги, хөгжүүлэлт, ажлын туршлагаас суралцвал зүйтэй санагдлаа.
–Дижитал шилжилт, технологийн хөгжил дэвшилтэй уялдан санхүүгийн салбар хурдацтай өөрчлөгдөж байна. Олон улсад жижиг дунд бизнесийн чиг хандлага, стратеги хэрхэн өөрчлөгдөж байна вэ?
-Юуны өмнө цахимжилт болон хиймэл оюун ухаан яригдана. Ихэнх банкууд харилцагч нарт үйлчлэх үйл ажиллагааны автоматжуулалтын шинэ түвшинд гарч байна. Өнөөдрийн байдлаар төлбөр тооцоо, хэрэглээний зээлийн үйл ажиллагаанд энэ нь илүү хамааралтай байх шиг байна. Бизнесийн зээлийн хувьд жижиг дунд бизнесийн сегментийн зээлийн скорингийн асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Энэхүү асуудал нь тухайн бизнесийн үйл ажиллагааны ил тод байдал болон Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийнорнууд болон Монгол улсад байдаг хялбаршуулсан татварын системээс ихээхэн хамаарах юм.
–Жижиг дунд бизнесийн зээлийн ажилтнууд юун дээр илүү анхаарч ажиллах ёстой вэ? Тэдэнд Та ямар зөвлөгөө өгөх вэ?
-Цахим шилжилт, автоматжуулалтын эрин нь харилцагч нартай ажиллах ажлыг ихээхэн хөнгөвчилсөн. Гэхдээ би бүх зээлийн мэргэжилтнүүдэд мэргэжлийн ур чадвар, харилцагчаас олж авсан мэдээллийг үнэн зөв боловсруулж, дүн шинжилгээ хийх чадвараа алдахгүй, улам бүр сайжруулж байхыг зөвлөж байна. Цахимжилт нь бидний ажлын туслах болохоос биш шийдэл нь биш юм.
–Та нэг өдрийн ажлаа хэрхэн төлөвлөж ажилладаг вэ?
-Үнэн хэрэгтээ их энгийн. Би долоо хоногоор нь ажлаа төлөвлөдөг тэмдэглэлийн дэвтэртэй. Тэр дэвтэртээ урт хугацааны төлөвлөгөө, ажлын жагсаалтаа бичдэг. Богино хугацааны ажлыг бол тухайн өдрийнхөө ажил, тэмдэглэлийг гар утсан дээрээ оруулдаг. Тэмдэглэлийн дэвтэр дэх хийсэн ажлууд дээрээ зурж тэмдэглэх нь маш их сэтгэл ханамжийг өгдөг бөгөөд энэ нь цаашид ажлуудаа гүйцэтгэх урам зоригийг өгдөг.
–Монголын банкируудтай хамтран ажиллах явцад ямар нэгэн хүндрэл бэрхшээл гарсан уу?
-Ямар нэгэн хүндрэл бэрхшээл байгаагүй. Хамтран ажилласан Г.Бумчимэг захиралтай Банк Санхүүгийн Академийн хамт олонд баярлалаа. Бүх зүйл маш сайн зохион байгуулалттай байсан бөгөөд академийнхан маань ажилдаа маш дуртай, хайртай нь харагдаж байсан. Орчуулгын ажил маш сайн байж, бид оролцогч нартайгаа, банкируудтай бүх талаараа нэг хэлээр л ярьж байгаа юм шиг байсан.
–Та гадны хүний хувьд, бас олон улсын эксперт, санхүүгийн зөвлөгч хүний хувьд манай улсын эдийн засгийн хөгжил, ялангуяа жижиг дунд бизнесийн чиг хандлагыг хэрхэн харж байна вэ?
-Харамсалтай нь шууд дүгнэлт хийхэд хэцүү байна. Монголын эдийн засгийн байдлыг ойлгоход надад арай л бага хугацаа байсан байх. Гэхдээ миний ажигласнаар Монгол улс хөгжиж байгаа нь харагдсан. Монгол улсын жижиг дунд бизнесийн салбар нь ихээхэн онцлогтой салбар. Тэгэхээр энэ салбарт ажил их байх болно гэж бодож байна. Тийм болохоор бизнес эрхлэгч нарт болон санхүүжүүлэгч нартаа сонирхолтой, үр дүнтэй төслүүдийг хэрэгжүүлж, амжилттай хөгжиж, том үр дүнд хүрэхийг хүсье.
–Сонирхолтой ярилцлага өгсөн Танд баярлалаа. Таны төслийн ажлуудад амжилт хүсье!
-Баярлалаа. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье!
Ярилцсан: Э.Учрал