Эрсдэлийн удирдлага – БАЗЕЛЬ III – ын сургалт болно

Банк Санхүүгийн Академи, Люксембургийн “House of Training” олон улсын сургалтын байгууллагатай хамтран “Risk Management: Fundamentals & Regulation for Banks (BASEL III)” сургалтыг зохион байгуулж байна.

Салбарын туршлагатай мэргэжилтэн удирдан явуулах уг сургалт нь энэ оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 4-ний өдрүүдэд өдөр бүр 09:30 – 17:30 цагийн хооронд болно.

Сургалтын гол зорилго нь оролцогчдод банкны эрсдэлийн зохицуулалт болон эрсдэлийн удирдлагын холбогдох төрлүүдийн хэрэгжилт, харилцан үйлчлэлийн талаар хамгийн сайн мэдлэг, ойлголтыг өгөхөд оршино.

Түүнчлэн уг сургалтад хамрагдаснаар өөрсдийн байгууллагуудын хөрөнгө, хөрвөх чадвар, хөшүүрэг Базелийн шаардлагыг хэрхэн хангах, Базель I-с Базель IV хүртэлх банкуудын зохицуулалтын тогтолцооны хувьсал, түүний эрсдэлийн удирдлагад үзүүлэх нөлөөлөлд дүн шинжилгээ хийх ур чадварыг олж авна.

Сургалтын талаар дэлгэрэнгүй танилцуулбал;

Сургалт ямар агуулгаар явагдах вэ?

  • Эрсдэлийн удирдлага /Санхүүгийн үйлчилгээний эрсдэлийн төрлүүд, эрсдэлийн удирдлагын мөчлөг, эрсдэлийн удирдлагын аргууд, VAR тоон аргууд, стресс тестийн хэрэглээ/,
  • Эрсдэл ба зохицуулалт /Банкны хяналтын Базель хороо, олон улсын зохицуулалтын орчин, дагаж мөрдөх эрсдэл/,
  • Эрсдэлийн удирдлага ба базелийн хэлэлцээр /Зах зээлийн, зээлийн, үйл ажиллагааны, хөрвөх чадварын эрсдэл, эдгээр эрсдлүүдийг хэмжих/,
  • Санхүүгийн үйлчилгээний эрсдэлийн зохицуулалт /Базелийн хэлэлцээр болон бусад эх сурвалжид үндэслэсэн олон улсын дүрэм журам, эрсдэлийн менежментийг дэмжих олон улсын байгууллагууд/,
  • Шинээр гарч ирж буй эрсдэлүүд: уур амьсгалын эрсдэл, кибер эрсдэл, хамгаалалтын дөрвөн шугам гэх мэт сонирхолтой сэдвүүдээр оролцогчдод мэдлэг, мэдээллийг өгнө.

Сургалтад хэн хамрагдах вэ?

  • Дунд болон ахлах түвшний банкны мэргэжилтэн, менежерүүд;
  • Эрсдэл, санхүү, дотоод аудит, банкны хяналтын чиглэлээр ажилладаг банкирууд;
  • Банк, санхүүгийн үндэс, эрсдэлийн талаар ахисан түвшний мэдлэгтэй, базелийн капиталыг ойлгож хэрэглэх, туршлага хуримтлуулах хүсэлтэй хүн бүр уг сургалтад хамрагдах боломжтой.

/Банк, санхүүгийн байгууллагад эрсдэл, хяналтын чиглэлээр 5-аас доошгүй чиглэлээр ажиллаж байсан бол давуу талтай/

Сургалт ямар хэлбэрээр явагдах вэ?

  • Танхимаар явагдана. /20-25 хүн/
  • Лекц болон кейс судалгаа, жишээ, практик дасгал ажлууд, харилцан ярилцаж, санал бодлоо солилцох хэсэгтэй.
  • Англи хэл дээр орчуулгагүйгээр явагдах тул бүртгүүлэх оролцогчид англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байна.

Сургагч багш:

Энэхүү сургалтыг удирдан явуулах ноён Рубен Олиеслагерс /Mr. Ruben Olieslagers/ нь Люксембургийн Их Вант улсын House of Training – ATTF /Financial Technology Transfer Agency/ байгууллагын эрсдэлийн удирдлага, засаглал хариуцсан сургагч багш юм.

Тэрбээр Бельгийн Лувэйн менежментийн сургууль болон Люксембургийн их сургуулийн зочин профессор, мөн BNP Парибас Фортис банкны санхүү хариуцсан захирлаар ажилладаг.

Рубен Олиеслагерс олон улсын тэргүүлэх банк санхүүгийн байгууллагуудад бизнесийн зөвлөгөө үзүүлэхийн зэрэгцээ гадаад орнуудад эрсдэлийн удирдлага, тогтвортой санхүүжилт болон ESG хөтөлбөрийн чиглэлээр олон удаагийн сургалтыг удирдан явуулж байсан туршлагатай эксперт юм.

Та бүхэн уг сургалтад хамрагдаж, олон улсын шилдэг туршлагаас суралцахыг урьж байна.

Сургалтад бүртгүүлэх бол https://e.bfa.mn системд өөрийн бүртгэлээ үүсгэсний дараа сургалтаа сонгож, бүртгүүлэх товчийг дарна уу.

Холбогдох дугаар: 7575-4848, 9975-6414

Санал болгох:

Олон улсын эксперт Наталя Соловьёвагийн зээлийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт боллоо

Банк Санхүүгийн Академи нь Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банкны хэрэгжүүлж буй Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн хөтөлбөртэй хамтран Монголын банк, санхүүгийн мэргэжилтнүүдэд