Олон улсын эксперт Наталя Соловьёвагийн сургалт боллоо

Банк Санхүүгийн Академи нь Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банкны хэрэгжүүлж буй Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн хөтөлбөртэй хамтран Монголын банк, санхүүгийн мэргэжилтнүүдэд зориулсан олон улсын сургалтыг өнгөрсөн долоо хоногт буюу 2024.10.15 – 10.18-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөрийн албан ёсны сургагч багш, олон улсын эксперт Наталя Соловьёвабидний урилгаар манай улсад хүрэлцэн ирж, сургалтыг удирдан явууллаа.

Тэрбээр “Мөнгөн урсгалын шинжилгээ ба төсөөлөл” болон “Бичил, жижиг, дунд бизнесийн сегментийн санхүүгийн шинжилгээ болон зээлжих чадварыг үнэлэх нь” гэсэн сэдвүүдээр 4 өдрийн турш сургалтад оролцогчдод олон улсын туршлагаас хуваалцсан.

Эхний 2 өдрийн сургалт буюу “Мөнгөн урсгалын шинжилгээ ба төсөөлөл” сургалтаар ЖДБ-ийн санхүүгийн гол тайлангуудын нэг болох мөнгөн урсгалын тайланг илүү гүнзгий, нарийвчлан судлах болон түүн дээр санхүүгийн шинжилгээнүүдийг хэрхэн хийх талаар оролцогчдод мэдлэг, ойлголтыг өгсөн.

Харин дараагийн 2 өдрийн сургалт буюу “Бичил, жижиг, дунд бизнесийн сегментийн санхүүгийн шинжилгээ болон зээлжих чадварыг үнэлэх нь” сургалтаар оролцогчид маань БЖДБ-ийн санхүүгийн шинжилгээг хийх, мэдээлэл солилцох арга замууд, бизнесийн бүтэц болон эзэмшигчдийн холбоо харилцаа, бизнесийн болон санхүүгийн үйл ажиллагаа, санхүүгийн бүртгэлийн аргуудтай танилцлаа.

Сургалт нь танхимаар, Орос хэлнээс дагалдах Монгол орчуулгатай явагдсан бөгөөд амжилттай суралцаж төгссөн оролцогчдод “RSPB сургалт”-ын гэрчилгээг гардууллаа.

Сургалтыг удирдан явуулсан Наталя Соловьёва нь ЕСБХБ-ны ЖДББНХ-ийн албан ёсны сургагч багш бөгөөд санхүүгийн байгууллагын ажилтнуудад зээлийн шинжилгээ хийх мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх сургалт явуулж, зөвлөгөө өгч, ажилладаг эксперт юм.

Тэрээр 1998 оноос хойш ЖДБ-ийн зээлийн чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд Казахстанд ЖДБ-ийн зээл анхлан гарахад ажиллаж байсан хамгийн эхэн үеийн банкируудын төлөөлөл юм. Мөн тэрээр бизнесийн чиглэлийн мэргэжлийн сургагч багш төдийгүй ЖДБ-ийн санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах чиглэлд олон улсын болон бүс нутгийн төслүүдэд зөвлөхөөр ажилладаг. Наталья Соловьёва нь бизнесийн төрөл бүрийн сегментийн зээлдэгчдэд санхүүгийн шинжилгээ хийх, харилцагчдыг татах, борлуулалтын үйл явцыг зохион байгуулах, зээлийн үйл явцыг удирдан явуулах, ажилтнуудтай ажиллах зэрэг сэдвүүдээр олон сургалтын хөтөлбөрийг боловсруулжээ.

Сургалтын төгсгөлд сургагч багш Наталя Соловьёватус сургалтыг хамтран зохион байгуулагч Г.Бумчимэг захиралтай Банк Санхүүгийн Академийн хамт олонд ажлын өндөр амжилтыг хүслээ.

Сургагч багш болон сургалтанд хамрагдсан нийт оролцогчиддоо талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье!

Санал болгох: