Жижиг, дунд бизнесийн бүс нутгийн сургалт болно

Банк Санхүү Академи нь Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (EBRD) – ны Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн хөтөлбөр (RSBP) – тэй энэ жилээс хамтран ажиллаж байгаа бөгөөд зээлийн ажилтнуудад зориулсан сургалт болон орон нутгийн ажилтнуудыг чадавхжуулах сургалтуудыг амжилттай явуулаад байна.

Тэгвэл энэ удаад Жижиг дунд бизнесийн бүс нутгийн сургалт– ыг 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 11 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд 09:00 – 18:00 цагийн хооронд Монголын Банкны Холбооны сургалтын танхимд зохион байгуулах гэж байна.

Жижиг дунд бизнесийн бүс нутгийн сургалтын хөтөлбөрийн хүрээнд дараах сургалтууд болно. Үүнд:

НЭГ. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛИЙН ШИНЖИЛГЭЭ СУРГАЛТ /2023 оны 11 дүгээр сарын 14, 15-ны өдөр, 09:00 – 18:00 цагийн хооронд/

Энэхүү сургалтаар ЖДБ-ийн онцлогт тохирсон хөрөнгө оруулалтын төслийн дүн шинжилгээ хийх нийтлэг зарчим, арга барил, санхүүгийн тайлан болон бизнесийн төлөвлөгөөтэй ажиллах онцлог, санхүүжилтийн боломж болон оновчтой санхүүжилтийн шийдлийн талаар боловсронгуй дүгнэлт бэлтгэх арга хэрэгслийг авч үзнэ.

ХОЁР. ЗЭЭЛИЙН ХЯНАЛТ БОЛОН АСУУДАЛТАЙ ЗЭЭЛТЭЙ АЖИЛЛАХАД ХАРИЛЦАГЧТАЙ ТОГТООХ ХАРИЛЦАА СУРГАЛТ /2023 оны 11-р сарын 16, 17-ны өдөр, 09:00 – 18:00 цагийн хооронд/

Ажилтан болон харилцагчийн хооронд ямар харилцаа тогтоох нь тухайн зээлийн үйл явцад ихээхэн нөлөөлдөг. Тиймээс харилцагч нартайгаа зөв харилцааг бий болгох нь зээлийн хэлтэс, баг болгоны амжилтын чухал хэсэг байдаг. Ялангуяа хямралын үед зээлийн багцын чанар болон байгууллагын тогтвортой, ашигтай үйл ажиллагаанд ихээхэн нөлөөлдөг тул харилцагчидтай ойлголцож чадах харилцааны ач холбогдол улам өсдөг байна. Уг сургалтаар оролцогчид нь дээрх арга барилыг эзэмшиж, харилцагчтай хэрхэн хамтран ажиллах талаар мэдлэг, ойлголттой болно.

Дээрх сургалтуудад зээлийн үйл ажиллагаа болон зээлийн хяналтад оролцдог бүхий л мэргэжилтнүүд хамрагдах боломжтой. Үүнд:

  • Зээлийн мэргэжилтнүүд;
  • Хөрөнгө оруулалтын төслийн судалгааг хийх чиг үүрэг бүхий зээлийн мэргэжилтнүүд болон бусад ажилтнууд;
  • Зээлийн чанартай шийдвэр гаргалтыг хянах бүс нутгийн менежерүүд, зээлийн газар, хэлтсийн захирлууд;
  • Эрсдэлийн мэргэжилтнүүд, эрсдэлийн үнэлгээг хариуцсан мэргэжилтнүүд,
  • Зээл олголтыг хянах, батлах үйл явцад оролцдог зээлийн хэлтсийн мэргэжилтнүүд гэх мэт.

Сургалт нь Танхимаар, Англи хэл дээр дагалдах Монгол орчуулгатай явагдах бөгөөд амжилттай суралцаж төгссөн оролцогчдод “RSPB сургалт”-ын цахим гэрчилгээг гардуулна.

Сургалтыг Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны Жижиг, Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөрийн Сургагч багш, Олон улсын эксперт Елена Садикова удирдан явуулна.

Елена Садикова нь бичил, жижиг дунд бизнесийн сегментийн харилцагчидтай ажиллах, үр дүнтэй харилцааг бий болгох талаар санхүүгийн байгууллагын ажилтнуудад сургалт явуулах чиглэлээр мэргэшсэн. Тэрбээр 1995 оноос хойш банк, санхүүгийн салбарт ажиллаж байгаа ба харилцагч татах, зээлийн бүтээгдэхүүний борлуулалт, зээлийн үйл ажиллагааны менежмент, зээлийн судалгаа, хүний нөөцийн мэргэшсэн сургагч багш юм. Мөн тэрбээр сургалтын материалаа өөрөө боловсруулдаг ба Төв Азийн болон Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн орнуудын санхүүгийн байгууллагуудад зориулсан гарын авлагуудыг бэлтгэн хүргэсэн. Елена Садикова нь Казакстан улсын КазКредит Консалт байгуулагын үүсгэн байгуулагчдын нэг юм.

Дашрамд дурдахад энэхүү сургалтын орлогоос цуглуулсан төлбөрийг зорилтод бүлэгт сургалт, хөгжүүлэлт болон санхүүгийн боловсрол олгохтой холбоотой нийгмийн хариуцлагын төсөл, хөтөлбөрт зориулах болно.

Та бүхэн тус сургалтын хөтөлбөрийн мэдээлэлтэй ЭНД дарж танилцаарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7575-4848, 8822-7208 утсаар авна уу.

Санал болгох: