“Жижиг, дунд бизнесийн бүс нутгийн сургалт” боллоо

Банк Санхүүгийн Академи нь Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банкны хэрэгжүүлж буй Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн хөтөлбөртэй хамтран Монголын банк, санхүүгийн мэргэжилтнүүдэд зориулсан олон улсын сургалтыг өнгөрсөн 7 хоногт буюу 2023.11.14 – 11.17-ны өдрийн хооронд амжилттай зохион байгууллаа.

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөрийн албан ёсны сургагч багш, олон улсын эксперт Елена Садикова бидний урилгаар манай улсад хүрэлцэн ирж, энэхүү сургалтыг удирдан явууллаа.

Тэрбээр “Хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ” болон “Зээлийн хяналт, асуудалтай зээлтэй ажиллахад харилцагчтай тогтоох харилцаа” гэсэн сэдвүүдээр 4 өдрийн турш сургалтад оролцогчдод олон улсын туршлагаас хуваалцаж, шинэлэг мэдээлэл, мэдлэгийг өгсөн юм.

Эхний сургалт буюу “Хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ” сургалтын хүрээнд ЖДБ-ийн онцлогт тохирсон хөрөнгө оруулалтын төслийн дүн шинжилгээ хийх нийтлэг зарчим, арга барил, санхүүгийн тайлан болон бизнесийн төлөвлөгөөтэй ажиллах онцлог, санхүүжилтийн боломж болон оновчтой санхүүжилтийн шийдлийн талаар боловсронгуй дүгнэлт бэлтгэх арга хэрэгслийн тухай тайлбарласан.

Харин дараагийн сургалт болох “Зээлийн хяналт болон асуудалтай зээлтэй ажиллахад харилцагчтай тогтоох харилцаа” сургалтаар харилцагчтай хэрхэн зөв харилцааг бий болгох, харилцагчидтай ойлголцож чадсанаар эдийн засгийн хямралын үед ч зээлийн багцын чанар болон байгууллагын тогтвортой, ашигтай үйл ажиллагааг сайжруулах талаар авч үзсэн.

Сургалт нь Танхимаар, Орос хэлнээс дагалдах Монгол орчуулгатай явагдсан бөгөөд амжилттай суралцаж төгссөн оролцогчдод “RSPB сургалт”-ын гэрчилгээг гардууллаа.

Сургалтыг удирдан явуулсан Елена Садиковань Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөрийн албан ёсны сургагч багш бөгөөд бичил, жижиг дунд бизнесийн сегментийн харилцагчидтай ажиллах, үр дүнтэй харилцааг бий болгох талаар санхүүгийн байгууллагын ажилтнуудад сургалт явуулдаг эксперт юм. Тэрбээр 1995 оноос хойш банк, санхүүгийн салбарт ажиллаж байгаа ба харилцагч татах, зээлийн бүтээгдэхүүний борлуулалт, зээлийн үйл ажиллагааны менежмент, зээлийн судалгаа, хүний нөөцийн мэргэшсэн сургагч багш юм. Мөн тэрбээр сургалтын материалаа өөрөө боловсруулдаг ба Төв Азийн болон Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн орнуудын санхүүгийн байгууллагуудад зориулсан гарын авлагуудыг бэлтгэн хүргэжээ. Елена Садикова нь Казакстан улсын КазКредит Консалт байгууллагын үүсгэн байгуулагчдын нэг юм.

Сургалтын төгсгөлд Олон улсын сургагч багш Елена Садикова тус сургалтыг хамтран зохион байгуулагч Г.Бумчимэг захиралтай Банк Санхүүгийн Академийн хамт олонд ажлын өндөр амжилтыг хүслээ.

Дашрамд дурдахад энэхүү сургалтын орлогыг зорилтод бүлэгт сургалт, хөгжүүлэлт болон санхүүгийн боловсрол олгохтой холбоотой нийгмийн хариуцлагын төсөл, хөтөлбөрт зориулахаар төлөвлөөд байна.

Сургагч багш болон сургалтанд хамрагдсан нийт оролцогчиддоо талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье!

Санал болгох: