Банк Санхүүгийн Академийн брэнд сургалтуудын нэг “Сургагч багш”-ийн сургалт 2024.10.29 – 11.01-ний өдрүүдэд Монголын Банкны Холбооны сургалтын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Манай академийн салбартаа нэр хүндтэй, чадварлаг, мэргэшсэн сургагч багш нар сургалтыг удирдан явуулж, оролцогчдод сургагч багшийн арга зүй, заавал мэдэх суурь мэдлэг, ойлголт болон бусад сонирхолтой сэдвүүдээр мэдлэг, мэдээллийг өглөө.
Сургалтын төгсгөлд Банк Санхүүгийн Академийн Сургалтын албаны Ахлах менежер Б.Ууганхүү, сургагч багш Ө.Уянга нар сургалтаа амжилттай дүүргэсэн төгсөгч нартаа сургагч багшийн сертификатыг гардуулан, баяр хүргэлээ. Төгсөгчдийг төлөөлөн Ариг Банкны Харилцааны менежер Э.Ариун-Энх сэтгэгдлээ хуваалцаж, ая дууны мэндчилгээ өргөлөө.
Банк Санхүүгийн Академи нь “Сургагч багшийн сургалт” хөтөлбөрийг АНУ-ын Association for Talent Development байгууллагын франчайз эрхээр 2017 оноос эхлэн амжилттай хэрэгжүүлсээр байна.
Уг сургалт нь сургагч багшийн үндсэн арга барилаа тогтооход туслахын зэрэгцээ мэргэжлийн түвшинд сургалт төлөвлөн боловсруулах, сургалтыг шинэлэг маягаар удирдан явуулахад сургадаг давуу талтай.
Төгсөгчид маань сургагч багшийн ур чадвар, арга барилаа ахиулж, сургалтаас олж авсан мэдлэгээ өөрийн ажил амьдралдаа хэрэгжүүлэхийн зэрэгцээ онол, туршлагаа бусаддаа мэргэжлийн сургагч багшийн ур чадвартайгаар хуваалцах боломжтой болж байна.
Сургалтад хамрагдсан нийт оролцогчдодоо баяр хүргэж, ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсье!