Банк Санхүү Академи нь Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (EBRD)- ны Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөр (RSBP) – тэй 2023 оноос хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд ЖДБ-ийн зээлийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтууд болон орон нутгийн банк, санхүүгийн салбарын ажилтнуудыг чадавхжуулах сургалтуудыг амжилттай зохион байгуулсан билээ.
ЖДБ-ийн санхүүгийн үйлчилгээг сайжруулах зорилгоор Монгол Улсын санхүүгийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжүүлэхэд үр дүнтэй хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлж, ЕСБХБ – ны Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөрийн зүгээс Банк Санхүүгийн Академийн хамт олонд “ТАЛАРХАЛ” гардууллаа.
Банк Санхүү Академи, Монгол дахь Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөртэй хамтран 2023 оны 5 дугаар сард “Жижиг, дунд бизнесийн зээлийн ажилтнуудад зориулсан цогц сургалт”, 2023 оны 11 дүгээр сард “Жижиг, дунд бизнесийн бүс нутгийн сургалт”-ыг олон улсын эксперт, сургагч багш нараар удирдуулан Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Түүнчлэн дээрх сургалтуудаас цугларсан санхүүжилтээр орон нутгийн банк, санхүүгийн салбарын ажилтнуудын чадавхжуулах сургалтыг Дорнод, Дархан-Уул аймагт удирдан явуулсан.
2024 онд бид бүхэн банк, санхүүгийн салбарын мэргэжилтнүүдэд зориулан, гадаадын эксперт, сургагч багш нарын шилдэг арга туршлагаас хуваалцах 8 өдрийн, 2 удаагийн сургалтыг хамтран явуулах бөгөөд тус сургалтын төлбөрийн орлогыг санхүүгийн боловсрол, мэдлэг, ур чадварыг сайжруулахтай холбоотой нийгмийн хариуцлагын төсөл, хөтөлбөрт зориулахаар төлөвлөөд байна.
ЕСБХБ – ны Монгол дахь Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөрийн хамт олондоо талархал илэрхийлж, ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсье