Олон улсын эксперт Елена Садикова: Зээл судлахдаа санхүүгийн эрсдэлээс гадна тухайн зээлдэгчийн, төсөл хэрэгжүүлэгчийн амжилтын түүхэд анхаарал хандуулах нь чухал

2024 онд Монгол Улсад Банкны тогтолцоо үүсэж бэхэжсэний 100 жилийн ой тохионо. Түүхэн  жилийг угтан бидний зүгээс хамтран ажиллагч гадаад улс орны банк, санхүүгийн арвин туршлагатай зөвлөгч, олон улсын экспертүүдтэй ярилцлага хийж, тэдний туршлага, зөвлөгөөг Та бүхэндээ хуваалцаж байгаа билээ.

Энэ удаа Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банкны хэрэгжүүлж буй буй Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөр (RSBP) болон Банк Санхүүгийн Академийн хамтын ажиллагааны хүрээнд Казакстан улсаас манай улсад хүрэлцэн ирж, Монголын банк, санхүүгийн мэргэжилтнүүдэд зориулан сургалт явуулаад буй олон улсын эксперт, хатагтай Елена Садиковаг бид ярилцлагын зочноороо урилаа.

Сайн байна уу? Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч, цаг зав гарган ярилцлага өгч байгаад Танд талархлаа илэрхийлье! Та өөрийгөө манай уншигчдад товч  танилцуулахгүй юу? Та банк, санхүүгийн салбартай хэрхэн холбогдсон бэ? Таны сонирхлыг яагаад татах болов?

-Сайн байна уу. Намайг Елена Садикова гэдэг. Казахстан улсад ажиллаж, амьдардаг. Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн хөтөлбөрөөс надад Монголд ирж, банк санхүүгийн салбарын ажилтнуудад сургалт орох хүсэлтийг тавихад маш дуртайгаар сонирхон хүлээж авсан.  Би их сургуулиа төгсөөд л шууд банканд ажиллаж эхэлсэн бөгөөд зээлтэй холбоотой ажил дээр 30 гаруй жил ажиллаж байгаагаас сүүлийн 20 жил нь яг жижиг, дунд бизнесийн зээлтэй ажиллаж байна. Миний бодлоор нийгмийн хамгийн идэвхтэй хэсэг болох бизнес эрхлэгч нартай ажиллаж, тэдний төрөл бүрийн төсөл, төлөвлөгөөг хэрэгжих явцад гар бие оролцох нь сонирхолтой, амьд чиглэл байдаг. Мөн банк, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн үйл ажиллагааг хөгжүүлж, сайжруулж ажилладаг сонирхолтой, урам зоригтой хүмүүстэй харилцах нь надад их таалагддаг.

Та олон улсын банк санхүүгийн байгууллагуудад ажиллаж байсан туршлагатай хүн. Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөл /ТУХН/-ийн орнуудтай харьцуулахад Монгол Улсын банк, санхүүгийн салбар ямар онцлогтой санагдсан бэ?

-Тийм шүү. Би ТУХН-н орнуудад хэрэгжиж буй олон улсын хэд хэдэн төсөл дээр олон банк санхүүгийн байгууллагуудтай ажилласан. Сүүлийн жилүүдэд ихэвчлэн Төв Азийн орнууд болох Казахстан, Киргизстан, Узбекистан, Тажикистан зэрэг улсуудад банк санхүүгийн байгууллагын ажилтнуудыг чадавхжуулах чиглэлээр ажиллаж, олон сургалт, семинарыг оржээ. Манай сургалтын оролцогч нар ихэнхдээ зээлийн мэргэжилтнүүд болон зээлтэй холбоотой бусад газар, хэлтсийн мэргэжилтнүүд хамрагддаг учраас мэдлэг, ур чадвар, туршлагын хувьд ихэнхдээ жигд, хоорондоо төстэй байдаг. Гэсэн хэдий ч улс бүр өөрийн гэсэн соёл, үндэсний уламжлал, менталитеттэй байдаг болохоор энэ нь өөр өөр орны, тэр байтугай нэг улс доторх өөр өөр нутгийн оролцогч нарыг “онцлог” болгодог.

Жишээлбэл, Узбекистанд банканд ихэвчлэн эрэгтэйчүүд ажилладаг, эмэгтэй ажилтан маш цөөхөн. Зарим тохиолдолд сургалтын оролцогчид тэр чигээрээ эрчүүд байх ч тохиолдолд гарна. Мөн насны хувьд 40-с дээш насныхан байх нь элбэг. Харин Киргизстанд эсрэгээрээ банкны ажилтнууд ихэвчлэн залуучууд байдаг. Манай сургалтын оролцогч нарын ихэнх нь 30-с доош насныхан байдаг. Киргиз, Тажикистаны хувьд бичил, жижиг бизнесийн зээлийг ихэвчлэн банк бус санхүүгийн байгууллагуудаас авдаг. Жижиг, дунд бизнесийн зээлийн багцын дийлэнхийг банк бус санхүүгийн байгууллагууд бүрдүүлдэг. Харин Казахстанд бол жижиг, дунд бизнесийн зээл банкуудаар олгогддог бөгөөд банк бус санхүүгийн байгууллага цөөхөн байдаг.

Монгол суралцагч нарын маань хувьд гэвэл надад үнэхээр ажиллахад таатай байсан гэдгийг хэлмээр байна. Онцолж хэлэхэд сургалтын оролцогч нар маань бүгд туршлагатай, мэргэжлийн хүмүүс байсан ба өөрийн хийж буй ажилдаа чин сэтгэлээсээ дуртай нь харагдаж байсан. Тэд шинэ мэдлэг олж авах, бусад улсын сайн туршлагаас суралцахдаа сонирхол, эрмэлзлэлтэй нь бас мэдрэгдсэн. Туршлагаасаа хуваалцах, төрөл бүрийн асуудлаар санал солилцох, Монголын банк санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааны онцлогтой холбоотой асуудлаар хэлэлцэх нь надад маш сонирхолтой байсан.

Жишээ нь бусад орнуудтай харьцуулахад танай улсын хууль тогтоомж нь банкны ашиг сонирхолыг хамгийн бага түвшинд хамгаалдгийг мэдэж авсан. Тухайлбал, ихэнх улсад зээлдэгч зээлээ төлөөгүйгээс болж шүүх рүү асуудал шилжсэн ч зээлийн хүүгийн төлбөрийг зогсоодоггүй, харин Монголд хүүг зогсоодог юм байна. Энэ нь барьцаагүй зээл гэх мэт бусад орнуудын банкны хувьд хамгийн эрэлттэй бүтээгдэхүүнийг Монголын бизнес эрхлэгч нарт санал болгох боломжгүй болгож байгаа юм л даа.

Банк, санхүүгийн салбар технологийн хөгжилтэй уялдан хурдацтай өөрчлөгдсөөр байна. Олон улсад жижиг, дунд бизнесийн чиг хандлага энэ бүхэнтэй хэрхэн хувьсан өөрчлөгдөж байна вэ?

-Мэдээллийг боловсруулах сүүлийн үеийн аргачлалыг нэвтрүүлж байгаа чиг хандлага нь банк, санхүүгийн байгууллагуудын зээл олгох үйл ажиллагааг ихээхэн хөнгөвчилж байна. Энэ нь жижиг, дунд бизнесийн зээлийг ч мөн хамарч байна. Жишээлбэл, түгээмэл гардаг эрсдэлүүдийг харгалзсан скорингийн аргачлалыг ашиглан зээлийн шийдвэрийг түргэн шуурхай гаргаж байна. Гэсэн хэдий ч яг энэ жижиг, дунд бизнесийн зээл нь зээлийн мэргэжилтэн болон зээлийн үйл ажиллагаатай холбоотой эрсдэлийн мэргэжилтнүүд, хуульчид зэрэг ажилтнуудын оролцоогүй явагдах ямар ч боломжгүй юм л даа. Яагаад гэвэл жижиг, дунд бизнес болгон, бизнес эрхлэгч харилцагч болгон өөрийн гэсэн онцлогтой, асуудалтай байдаг тул мэргэжилтэн өөрийн туршлага, дүн шинжилгээ хийх чадварт үндэслэн тэдгээрийг шийдвэрлэх хэрэгтэй болдог. Тиймдээ ч орчин үеийн мэдээллийн технологийн дэвшил нь харилцагчийн банктай харилцах харилцааг хөнгөвчилж, зайнаас үйлчилгээ авах боломжийг олгож зээлийн өргөдөл гаргах явцад цагийг хэмнэх ч шаардлагатай мэдээллийг цуглуулах, боломжит харилцагчтай харилцах, түүний бизнесийн үйл ажиллагаа, хувь хүний зан чанарыг үнэлэх, зээлдэгчийн сэтгэл зүйн дүр зургийг гаргах, зээлийн өргөдлийг судлах, шийдвэрлэхэд өндөр ур чадвартай мэргэжилтнүүд оролцоо маш чухал юм. Иймдээ ч энэ үйл ажиллагаа нь хиймэл оюун ухаан юмуу бусад орчин үеийн зээлийн эрсдэлийн үнэлгээний аргачлалаар бүрэн орлогдох боломжгүй.

Жижиг, дунд бизнесийн зээлийн мэргэжилтнүүд юун дээр илүү анхаарч ажиллах ёстой вэ? Тэдэнд Та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Жижиг, дунд бизнесийн зээл нь тухайн улсын эдийн засгийн тогтвортой байдалд ихээхэн чухал байхаас гадна жижиг, дунд бизнесийн хөгжилд томоохон хувь нэмрийг оруулдаг. Тиймээс жижиг, дунд бизнесийн санхүүжилтийг банк, санхүүгийн байгууллагуудаар дамжуулан дэмжих таатай нөхцөлийг бүрдүүлэх нь чухал. Жижиг, дунд бизнесийн сегментийн хувьд зээлийн багцын чанар нь стандартын дагуу байхаас гадна олгосон зээлээс хүртэх өгөөж өндөр байх буюу зээлийг хурдан, их хэмжээгээр олгох тохиолдолд банк, санхүүгийн байгууллагын хувьд ашигтай сегмент байх болно. Иймд, жижиг, дунд бизнесийн зээлийн санхүүгийн дүн шинжилгээ, зээлдэгчийн төлбөрийн чадварын үнэлгээг маш сайн, чанартай хийх шаардлагатай. Үүнийг хангахын тулд банк, санхүүгийн байгууллагын хувьд дараах 3 хүчин зүйлийг хангах нь маш чухал. Үүнд зээлийн дүрэм, журмыг хамгийн боломжит байдлаар хялбарчлах, зээлийг шийдвэрлэх үр дүнтэй бизнесийн процесс болон өндөр мэргэшсэн боловсон хүчин багтана.

Жижиг, дунд бизнесийн зээлийн чиглэлээр амжилттай хэрэгжүүлсэн хамгийн сонирхолтой төслөөсөө танилцуулахгүй юу?

-Зээл авахаар банк, санхүүгийн байгууллагад хандаж буй харилцагч болгон өөрийн бизнесийг босгосон түүхтэй, өөрийн туршлагатай байдаг. Тиймдээ ч шинэ харилцагч, түүний төсөлтэй танилцах болгон л сонирхолтой санагддаг. Хоорондоо төстэй ч юм уу ижилхэн харилцагч гэж байдаггүй ч тэд бүгд л өөрийн бизнесийг амжилттай авч явахын төлөө маш их хөдөлмөрлөсөн хүмүүс байдаг. Харилцагч нараасаа өөрийн санхүүгийн чадвартай байдлыг бүрдүүлэхийн төлөө зоригтой, тууштай байж, өөр дээрээ хариуцлага авах, хамгийн хэцүү үед ч бууж өгөхгүй байх чадвар, суралцах, хөгжих хүсэл эрмэлзлэл болон илүү өндөр түвшин рүү тэмүүлэх байдлаас суралцах боломжтой.

Гэхдээ яг онцол гэвэл миний хувьд гарааны бизнесийн зээлийн төсөлд оролцсон нь их сонирхолтой байсан. Харилцагч нар маань шинэ бизнес нээх санаа болон бизнес төлөвлөгөөтэй л байсан. Зээл олгогчийн хувьд бол иймэрхүү төслийг санхүүжүүлэх нь маш эрсдэлтэй байдаг тул бид ирээдүйн төслийг үнэлэх тусгай аргачлалыг боловсруулснаар энэхүү төслүүдэд зээл олгох боломжтой болсон. Гарааны бизнесийн зээлийн хувьд тухайн төслийн санхүүгийн эрсдэлийг судлахаас гадна тухайн төслийг хэрэгжүүлэгч, түүний амжилтын түүхэд анхаарал хандуулах нь чухал. Амжилтын түүх гэдэг нь өөр ямар нэгэн бизнесийг амжилттай эрхэлсэн, эсвэл сурч байхдаа гаргасан амжилт, спорт эсвэл ажил хөдөлмөрийн хувьд гаргасан амжилт түүх зэрэг байж болно. Өөр үгээр хэлбэл тухайн төслийг хэрэгжүүлэгчид ялагчийн зан чанарууд байх ёстой. Тэгэж байж банк тухайн төслийг амжилттай хэрэгжихэд итгэх боломжтой.

Та өдөр тутмын ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?

-Миний банк, санхүүгийн салбарын ажилтнуудад ордог сургалтуудаас хамгийн дуртай сургалт маань “Цагийн менежмент” буюу цагаа хэрхэн үр дүнтэй ашиглах тухай сургалт юм. Миний хувьд амьдралд маань бүх зүйл тэнцвэртэй байх нь их чухал бөгөөд ажил, гэр бүл, спорт болон суралцах, өөрийгөө хөгжүүлэхэд бүгдэд нь хангалттай цаг гаргаж байх нь их чухал. Энэхүү тэнцвэрийг бий болгож, хадгалахын тулд би хүлээгдэж буй ажлуудыг ач холбогдол болон хэзээ дуусгах ёстойгоор нь ангилж, төлөвлөх энгийн аргыг ашигладаг.

Таны ажлын бэрхшээлтэй тал? Түүнийг хэрхэн даван туулдаг вэ?

-Би өөрийн ажилдаа үнэхээр хайртай. Ажил мэргэжлээ зөв сонгосон азтай хүн гэж өөрийгөө боддог. Гэхдээ мэдээж хүндрэл бэрхшээлүүд хаана ч байна. Тэдгээрээс айж болохгүй харин тэдгээрийг даван туулахад өөрөөсөө шалтгаалах бүх зүйлээ хийхэд болно. Хүндрэлүүд нь гадны хүчин зүйлсээс шалтгаалсан буюу харилцагч нартайгаа, хамтрагч нартайгаа эсвэл сургалтад оролцогч нартайгаа үл ойлголцох гэх мэт байж болно. Эсвэл өөрийн хийсэн зүйлдээ сэтгэл хангалуун бус байх, зарим зүйлийг хийж чадахгүй, яаж мэдэхгүй байх гэх мэт дотоод, өөртэй холбоотой хүндрэлүүд ч бас байна. Хамгийн гол нь хүндрэл бэрхшээлүүд, алдаа оноо, таагүй туршлагаасаа суралцан, ирээдүйдээ хэрэгтэй дүгнэлтийг олж авах нь чухал гэж боддог.

Монголын банк, санхүүгийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах явцад Танд ямар нэгэн хүндрэл бэрхшээл гарсан уу?

-Би анх удаагаа л Монголд ирж сургалт орж байна. Надад сургалтын оролцогч нар, банк санхүүгийн системийн онцлог болон танай орны соёл, ёс заншилтай танилцах үнэхээр сонирхолтой байлаа. Энд байх хугацаандаа танилцсан бүх хүмүүс надад маш их таалагдсан. Мөн Улаанбаатар орчин үеийн сайхан хот санагдсан. Ерөнхийд нь хэлэхэд Монголын талаар хамгийн сайхан сэтгэгдэлтэй буцаж байна.

Монгол суралцагч нартай ажиллахад таатай байсан гэдгийг дахин хэлмээр байна. Бэлтгэл, ажлын туршлага, өөрийн хийж буй ажилдаа сонирхолтой байгаа байдал, ур чадвараа дээшлүүлэх эрмэлзлэл, шинийг суралцах хүсэл болон бусад улсын, байгууллагын туршлагаас суралцахаар тэмүүлж, мэдээллийг нээлттэй хэлэлцэж хүлээж авч байгаа нь их сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Сургалтад хамрагдсан ажилтнуудын хандлага, бусад орны сайн туршлагаас суралцах, нэвтрүүлэх эрмэлзлэл нь Монголын банк, санхүүгийн салбар ийм сайн хүний нөөцдөө тулгуурлан хөгжих том боломжуудтай юм байна гэж бодсон.

Сургалт маань орчуулгатай явагдсан ч энэ нь бидний ойлголцох, санал солилцох, суралцах явцад ямар ч саад болоогүй бөгөөд бид маш олон чиглэл, асуудлаар санал бодлоо чөлөөтэй солилцож чадсан.

Энэ дашрамд орчуулагч нартаа болон сургалтыг зохион байгуулсан Монгол дахь Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөр, Банк санхүүгийн академийн хамт олонд талархсанаа илэрхийлье.

Жижиг, дунд бизнесийн дэмжлэг, санхүүжилтийн чиглэлээр Танай улсын болон бусад улс оронд хэрэгжүүлсэн, одоо хэрэгжүүлж буй амжилттай сайн жишээг хуваалцвал?

-Манай Казахстанд бизнес эрхлэгч нарыг дэмжих сан “ДАМУ” гэж байгууллага амжилттай ажиллаж байна. Уг сан нь Засгийн газартай хамтран “Бизнесийн замын зураглал” хөтөлбөрийг боловсруулж, нэвтрүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын баталгаатайгаар, жилийн 6-8% – ийн хүүтэй зээлийг банкуудаар дамжуулан олгож байгаа бөгөөд тусгай ач холбогдол бүхий салбаруудын хувьд сонгон шалгаруулалтын аргаар бизнесүүдэд тусгай хөнгөлөлтийг олгодог. Энэхүү хөтөлбөр нь хэрэгжиж эхлээд, 10 жил болж байгаа ба хэдэн арван мянган бизнес эрхлэгч нарт үр өгөөжөө өгсөөр байна. Ийм жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн хөтөлбөр нь хувийн секторын хөгжил түүгээрээ дамжуулаад Казахстан улсын эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлж байгаа нь мэдрэгдэж байгаа. Үүнээс гадна ДАМУ нь жижиг, дунд бизнес эрхлэгч нарыг үнэ төлбөргүй дотоод болон гадны бизнесийн менежмент, маркетинг болон бусад чиглэлээр суралцах боломжийг давхар олгодог.

Та гадны хүний хувьд, мөн олон улсын эксперт, санхүүгийн зөвлөх хүний хувьд манай улсын эдийн засгийн хөгжил, ялангуяа жижиг дунд бизнесийн чиг хандлагыг хэрхэн харж байна вэ?

-Монголд жижиг, дунд бизнес жил ирэх тусам хөгжинө гэдэгт эргэлзэхгүй байна. Өөрсдийн бизнесээ өргөжүүлж, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахын тулд жижиг, дунд бизнест зээл олгох оновчтой шийдлийг олж, нэвтрүүлэхийг хүсч байна. Мөн банк, санхүүгийн салбарын ажилтнуудад өөрсдийн мэдлэг, ур чадварыг үргэлж нэмэгдүүлэн банк болон харилцагч нарынхаа эрх ашгийн төлөө ажиллахыг хүсье. Танай сайхан оронд дахин ирж, шинэ сэдвээр хичээл орж, мэдлэг, туршлагаасаа болон бусад орны жишээ, практикаас хуваалцахдаа дуртай байх болно. Сонирхолтой асуултууд тавьж, ярилцсанд баярлалаа.

Сонирхолтой ярилцлага өгсөн Танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Ярилцсан: Э.Учрал

Санал болгох:

Сургагч багш бэлтгэх сургалтад урьж байна

Банк Санхүүгийн Академи нь “Сургагч багшийн сургалт” хөтөлбөрийг АНУ-ын Association for Talent Development байгууллагын франчайз эрхээр амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү сургалт нь 2024 оны