
Өнөөдөр буюу 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Монголын Банкны Холбооны Төв байранд “Банкны салбарын 2024 оны тойм” судалгаа танилцуулах хэвлэлийн бага хурал боллоо.
Тус хуралд Монголын Банкны Холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар, Банк Санхүүгийн Академийн Гүйцэтгэх захирал Г.Бумчимэг, Судалгааны албаны Ахлах эдийн засагч Ч.Сосорбарам нар банкны салбарын 2024 оны жилийн эцсийн үзүүлэлтүүд, макро эдийн засгийн нөхцөл байдал болон цаг үеийн сэдвүүдээр мэдээлэл өглөө.
Мөн хэвлэлийн бага хурлын дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.




Банкны салбарын 2024 оны тоймоос танилцуулбал,
“Банкны салбарын үзүүлэлт тогтвортой, өсөлттэй байлаа. Банкны салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23 хувиар нэмэгджээ. Чанаргүй зээлийн хэмжээ буурав. 2024 оны эхнээс эхэлсэн төгрөгийн хадгаламжийн өгөөж нэмэгдэх үйл явц үргэлжилсэн хэвээр байна. Эдийн засгийн салбаруудыг дэмжихэд чиглэсэн банкны зээлийн өсөлт үргэлжилсээр байна.
Инфляцын түвшин буулгахад чиглэсэн бодлогын арга хэмжээний нөлөөгөөр инфляц харьцангуй тогтвортой байсан ч оны сүүлийн хагасаас эрэлтээс үүдэлтэй инфляц нэмэгдэж эхэллээ…
Төлбөрийн тэнцэл, тэр дундаа санхүүгийн данс ашигтай гарсан нь валютын нөөцийг нэмэгдүүлж, төгрөгийн худалдан авах чадвар тогтвортой байхад чухал нөлөө үзүүллээ. Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалж оны эхнээс хөдөө аж ахуйн салбар уналттай байсан нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлжээ.
Уул уурхайн гаралтай эрдэс бүтээгдэхүүний үнийн болон тоон хэмжээний өсөлтөд найдан эдийн засгийн өсөлтийг өндөр байхаар төлөвлөж, төсвийн орлого болон зардлын хэмжээг өндөр түвшинд баталж, төсвийн зарцуулалтыг нэмэгдүүлэн томоохон төслүүдийг эхлүүлэхээр төлөвлөж байгаа нь алаагүй баавгайн арьсыг хуваахтай ижил зүйл болж байна.” хэмээн судлаачид дүгнэн асуудлыг дэвшүүлжээ.
Та бүхэн Банкны салбарын 2024 оны тойм үзүүлэлтүүдийг https://bfa.mn/banking-sector-review-2024q4/ – с үзэж танилцана уу.