
Банк Санхүүгийн Академи нь Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банк (EBRD)-ны хэрэгжүүлж буй Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн хөтөлбөр (RSBP)-тэй хамтран “Төслийн үнэлгээ болон зээлийн шийдвэр гаргалтын зарчмууд” сургалтыг зохион байгууллаа.
Энэхүү сургалтын төгсөгч, манай шилдэг банкируудын нэг, Монгол Улсын Хөгжлийн банкны Төслийн санхүүжилтийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Отгонжаргал сургалтын талаар сэтгэгдлээ хуваалцлаа.
Ж.Отгонжаргал: “Миний бие 2011 оноос хойш банк, санхүүгийн салбарт, тэр дундаа зээл, санхүүжилтийн чиглэлээр ажиллаж байна. Арван жилээ төгсөөд ШУТИС-ийн КТМС-ийн Компьютерийн удирдлагатай системийн ангид элсэн орсон ч нэгэн энгийн үйл явдал миний мэргэжлийн сонголтыг өөрчилсөн юм. Нэгдүгээр курсдээ аавынхаа явуулсан сургалтын төлбөрийн мөнгийг авах гэж банканд орсон тэр өдөр банкны ажилтнуудын ажилдаа хандах хандлага, харилцагчтай харилцах соёл нь надад гүн сэтгэгдэл төрүүлж билээ. Тэр үеэс банкны салбарт ажиллах хүсэл төрж, улмаар мэргэжлээ сольж эдийн засагчаар суралцах шийдвэр гаргасан. Өнөөдөр эргэн харахад энэ нь миний амьдралын хамгийн зөв сонголтуудын нэг байсан гэж боддог. Мэргэжилдээ дуртай, ажилдаа хайртай.
Миний хувьд зээлийн эдийн засагчийн ажил бол банкны ашиг сонирхлыг хамгаалах төдий бус, харилцагчийнхаа зорилго, хэрэгцээ, бизнесийн онцлог, хөгжлийн боломжийг зөв тодорхойлон, тэдний өсөлт хөгжилд бодит дэмжлэг үзүүлэх санхүүгийн шийдлийг санал болгох хариуцлагатай ажил юм. Санхүүжилтийн шийдвэр бүрийн цаана бизнесийн өсөлт, ажлын байр, бүтээн байгуулалт, цаашлаад улс орны эдийн засгийн хөгжил байдаг гэж үздэг. Тиймээс харилцагчийнхаа итгэлт зөвлөх байхын зэрэгцээ банкны эрсдэлийг оновчтой удирдан, тогтвортой өсөлт хөгжилд хувь нэмэр оруулах нь зээлийн эдийн засагч бидний эрхэм зорилго юм.

Эдийн засагчийн ажил нь бизнесийн онцлог, зах зээлийн өөрчлөлт, эдийн засгийн мөчлөг зэрэг олон хүчин зүйлийг нэгэн зэрэг үнэлж, шийдвэр гаргахыг шаарддаг. Гэсэн хэдий ч эдгээр сорилт бүр нь шинэ зүйл сурах, өөрийгөө хөгжүүлэх боломж болдог.
Энэ хүрээнд Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны хэрэгжүүлж буй RSBP төсөл болон Банк Санхүүгийн Академийн хамтран зохион байгуулсан “Төслийн үнэлгээ болон зээлийн шийдвэр гаргалтын зарчмууд” сургалтад хамрагдах боломж олдсонд баяртай байна.
Энэхүү сургалтад хамрагдаснаар өнгөрсөн хугацааны явцад хэсэгчлэн мэддэг байсан ойлголтуудаа нэгтгэн системчилж, төслийн үнэлгээ болон зээлийн шийдвэр гаргалтын үйл явцыг илүү өргөн хүрээнд ойлгох боломжтой болсон. Бизнесийн онцлог, эрсдэлийн үнэлгээ, төслийн мөнгөн урсгал, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг үнэлэх аргачлалуудыг олон улсын сайн туршлага, бодит кейсүүдтэй уялдуулан судалсан нь миний хувьд хамгийн үнэ цэнтэй хэсэг байлаа.
Мөн сургалтын арга барил нь өдөр тутмын ажилдаа ашиглаж буй хандлага, аргачлалаа эргэн харж, шинэ өнцгөөс үнэлэх боломжийг олгосон. Заримдаа олон жилийн туршлагаас илүүтэйгээр зөв аргачлал, асуудлыг өөр өнцгөөс харах чадвар илүү үнэ цэнтэй байдаг гэдгийг энэхүү сургалтаас дахин мэдэрлээ.
Цаашид сургалтаар олж авсан мэдлэг, туршлагаа өдөр тутмын ажилдаа хэрэгжүүлж, хамт олонтойгоо хуваалцан байгууллагадаа болон харилцагчдадаа илүү үнэ цэн бүтээхийн төлөө ажиллах болно.

Үнэ цэнтэй мэдлэг, олон улсын шилдэг туршлагыг харамгүй хуваалцаж, банк, санхүүгийн салбарын мэргэжилтнүүдийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк болон Банк Санхүүгийн Академийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Түүнчлэн энэхүү сургалтад хамрагдах боломжийг олгосон Монгол Улсын Хөгжлийн банкандаа баярлалаа. Та бүхэндээ 15 жилийн ойн мэнд хүргэе“ хэмээн сэтгэгдээ хуваалцлаа.
Ж.Отгонжаргал Танд ажлын өндөр амжилт хүсье!


