
2024 оны “Шинэ банкирын онол, практик хосолсон сургалт”-ын шилдэг төгсөгч, Хаан Банкны Улаанбаатар Галлериа Бизнес төвийн харилцааны менежер Б.Баасансүрэн төгсөгчийн батламж гардуулах ёслолын үйл ажиллагааны үеэр сэтгэгдлээ хуваалцлаа.
Б.Баасансүрэн: “Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе!
Төгсөгчдөө төлөөлөн үг хэлэх болсондоо маш их баярлаж, бас догдолж байна. Энэхүү сургалтын үр дүн, ач холбогдлын талаар ярихдаа хамгийн бодит бас үнэн түүх болох өөрийнхөө түүхийг ярихаар шийдлээ.
Би 4 жилийн урт хугацааны амралтаас ажилдаа эргэн ороод удаагүй байсан үе байлаа. Нэлээн удаан хугацаагаар ажлаасаа хөндийрсөн, бас нийгмийн харилцаанд бага орж байсан зэргээс үүдээд мэргэжлийн зарим юмаа мартах, андуурч эндүүрэх зүйл бишгүй их байсан. Хамгийн хэцүү зүйл нь харилцагчтай харилцаж тэдэнд үр дүнтэй зөвлөгөө өгөх ур чадвар дутагдаж байлаа.
Яг энэ үед “Шинэ банкирын онол, практик хосолсон сургалт” зарлагдаж хамрагдах боломж олдсон нь миний хувьд тэнгэрийн умдаг атгасан мэт завшаантай хэрэг болсон юм. Уг сургалтад сууснаар мэргэжлийн хичээлүүдээ сэргээж, ур чадвараа дээшлүүлж, дэлхийн болон дотоодын зах зээлийн талаарх шинэ мэдээ, мэдээллүүдтэй танилцаж, хамгийн гол нь харилцагчтай хэрхэн зөв харьцах, тэдний хүсэл зорилгыг олж мэдэн түүнд нь таарсан бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож, тэдэнд үр дүнтэй зөвлөгөө өгч чаддаг болсон явдал байлаа.
Зүйрлэвэл: Далайн шуурганд, жижиг завьтай, зүг чигээ алдан хаа хүрэхээ мэдэхгүй явахад минь томоос том аврагч усан онгоц ирж намайг авраад, асарч тойглоод, зүг чигийг минь зааж өгч, залуураа хаашаа чиглүүлж, яаж энэ том эдийн засгийн далайд хөл алдахгүй сайн далайчин байхыг минь зааж өглөө. Багш нар маань бүгд л салбартаа тэргүүлэхээр мэдлэг, ур чадвартай хүмүүс байсан нь мөрөөдлийн далбайг минь илүүтэй намируулж өгсөн хүчтэй салхи байсан.
Энд зөвхөн онол яриад зогссонгүй практик дээр бидэнд үзүүлж, харуулж, туршуулж, мэдрүүлж байсан нь эргээд бид сурсан мэдсэн зүйлсээ ажил, амьдрал дээрээ хэрэгжүүлэхэд тун дөхөм болгосон юм. Зөвхөн би ч гэлтгүй бүх л суралцагчдын маань ажил амьдралд ахиц дэвшил авч ирэх суралцах зүйл ихтэй сургалт байлаа.
Ингээд уг сургалтыг зохион байгуулсан Монголбанк, Германы Шпаркассэ банкны Монгол дахь сан, Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академийн хамт олондоо маш их баярлалаа. Гэхдээ хамгийн гоё нь ирээдүйд биднээр үйлчлүүлэх харилцагчид маань Та бүхэнд биднээс ч илүү баярлах болно гэдэгт тун итгэлтэй байна. Бид ийм л мэргэжлийн ур чадвартай, харилцаа хандлага сайтай, харилцагчаа эрхэмлэсэн банкирууд болж чадлаа.
Ийм өргөн мэдлэгийг агуулсан, үр өгөөж сайтай сургалтад суух боломж илүү олон залуучуудад маань олдоосой гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Та бүхэндээ баярлалаа.” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Б.Баасансүрэндээ амжилт хүсье!