Монголбанк, Шпаркассэ банкны Монгол дахь сан, Монголын Банкны Холбоо болон Банк Санхүүгийн Академи хамтран хэрэгжүүлж буй “Шинэ банкирын онол, практик хосолсон сургалт”-ын төгсөгчдөд харилцагчид зөвлөх банкны мэргэжилтний батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа энэ оны 10 дугаар сарын 15-ны өдөр боллоо.
Банк санхүүгийн мэргэжлийн сургалт, стандартын үйл ажиллагаа явуулах, сургалтын шинэ институт байгуулах төслийн хүрээнд харилцагчид зөвлөх банкны мэргэжилтнийг сургах онол, практик хослуулсан сургалтад хамрагдсан арилжааны 4 банкны 70 гаруй ажилтан батламжаа гардан авлаа.
Батламж гардуулах ёслолын ажиллагаанд Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Германы ЭСЯ-ны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн хэлтсийн дарга У.Вебер, Монголын Банкны Холбооны дэд ерөнхийлөгч Б.Үүрцайхбаатар, Германы Шпаркассэ банкны сангийн Гүйцэтгэх захирал Н.Бергман, Германы Шпаркассэ банкны сангийн Ази бүс хариуцсан захирал Х.Фэлцэн, Германы Шпаркассэ банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч Маркус Лох, Банк Санхүүгийн Академийн Гүйцэтгэх захирал Г.Бумчимэг нар баяр хүргэж, батламж гардууллаа.
Энэ жилийн арга хэмжээнд Германы Шпаркассэ банкны сангийн дээд удирдлагууд Монгол улсад ирж байгаагаараа ихээхэн онцлогтой болж байна.
Мөн энэхүү арга хэмжээнд Хаан, Хас, Голомт, Капитрон банкны Хүний нөөцийн газрын удирдлагууд төгсөгчдөдөө баяр хүргэж, хүндэт зочдын хамтаар батламж гардуулав.Төгсөгчдийг төлөөлөн Хас банкны шилдэг төгсөгч Б.Шинэцэцэг, Голомт банкны шилдэг төгсөгч Б.Ренцэнбямба, Капитрон банкны шилдэг төгсөгч Б.Нямжаргал, Хаан банкны шилдэг төгсөгч Б.Баасансүрэн нар сэтгэгдлээ хуваалцлаа.
Харилцагчид зөвлөх банкны мэргэжилтний сургалтыг Монголбанк, Монголын Банкны Холбоо, Германы Шпаркассэ банкны Монгол дахь сантай хамтран 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2022 оноос хойш “Шинэ банкирын онол практик хосолсон сургалт” нэртэйгээр шинэчлэж, банкны ажилтны мэргэжлийн үндсэн ур чадварыг дээшлүүлж, чадавхжуулан хөгжүүлсээр байна. Өнөөдрийн байдлаар тус сургалтад хамрагдсан элсэн суралцагчдын тоо 624 – т хүрээд байна.
Монгол Улсын Төв банкнаас олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх, сургалт, хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор банкны салбарын ажилтнуудад тавигдах нэгдсэн суурь шаардлагын жишгийг баталсан байдаг.
Энэхүү жишиг шаардлагыг хангуулах зорилтын хүрээнд банкны ажилтнууд олон улсын түвшний онол, практик хосолсон сургалтад хамрагдсанаар банкны үйлчилгээг иргэдэд илүү ойлгомжтой, хялбараар хүргэх, улмаар харилцагчийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалж, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах ач холбогдолтой юм.