“Дэлхийн Мөнгөний Долоо Хоног“ аян нь хүүхэд, залуусыг бага наснаас нь санхүүгийн мэдлэгтэй болгож, санхүүгийн зөв шийдвэр гаргах, санхүүгийн сайн сайхан байдалд хүргэхэд нь шаардлагатай мэдлэг чадвар, хандлага, дадал зуршлыг аажмаар эзэмшүүлэхийн чухлыг сурталчлах зорилготой дэлхийн хэмжээнд жил бүр зохион байгуулагддаг сайн дурын кампанит ажил юм.
Энэхүү аяныг 2012 оноос хойш Олон Улсын Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага (OECD)-ын Санхүүгийн боловсролын олон улсын сүлжээнээс уриалж, нийт 176 орны 40,416 гаруй байгууллага зохион байгуулсаар иржээ. (Эх сурвалж: OECD, INFE)
Манай улсын хувьд Монголбанк, Монголын Банкны Холбоо, Шпаркассэ банкны Монгол дахь сан, Хадгаламжийн даатгалын корпораци болон арилжааны банкууд хамтран, хүүхэд, залуучуудад санхүүгийн мэдлэг, мэдээлэл олгох, хуримтлал үүсгэх дадлыг бий болгох зорилгын хүрээнд нэгдэж, жил бүрийн хавар тус аяныг зохион байгуулдаг.
Сүүлийн жилүүдэд энэхүү аян нь зөвхөн банк, санхүүгийн байгууллагуудаар хязгаарлагдахгүй, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд нэгдэж, цар хүрээ улам бүр өргөжсөөр байна.
Санхүүгийн боловсролын олон улсын сүлжээнээс хүмүүс санхүүгийн мэдлэг, туршлага багатайн улмаас цахим луйвар, залилангийн хохирогч болж байгааг анхааруулаад буй. Тиймээс манай улс энэ жил “Дэлхийн мөнгөний долоо хоног-2024” аяныг “Мөнгөний эрсдэлээс хамгаалж, ирээдүйгээ баталгаажуулъя” уриан дор тэмдэглэж байна.
Тус аян нь 2024.03.20 – 2024.04.10 – ны өдрийг хүртэл орон даяар зохион байгуулагдана.
“Дэлхийн мөнгөний долоо хоног 2024” аяныг зохион байгуулагч нартаа амжилт хүсье!