Банк Санхүүгийн Академи нь Люксембургийн “House of training” сургалтын байгууллагатай хамтран “Leadership & People Management – Leading as a Manager Coach” сургалтыг зохион байгуулсан. Энэхүү сургалтын төгсөгч, манай шилдэг банкируудын нэг, Ариг Банкны Комплаенсын хэлтсийн захирал Т.Булган сэтгэгдлээ хуваалцлаа.
Т.БУЛГАН: “Сайн байна уу? Юуны өмнө зөвлөх үйлчилгээний олон улсын мэргэшсэн зөвлөх, хүний нөөцийн мэргэшсэн зөвлөх багш Gilles Ossona De Mendez туршлагаас суралцаж, онол дадлага хосолсон сургалтад хамрагдах боломжийг олгосон Ариг банкандаа талархал илэрхийлье!
Ариг Банк маань Монгол Улсын банк, санхүүгийн салбарт 27 жилийн түүхтэй ууган арилжааны банк бөгөөд 2021 оноос менежментийн шинэчлэл хийж, компанийн засаглалын тогтолцоогоо сайжруулан, дүрмийн сангаа 5 дахин нэмэгдүүлж, 100 тэрбум төгрөгт хүргэсэн. Мөн харилцагч үйлчлүүлэгчийн итгэлийг даах чадварлаг банк болохоо нотлож, ТОП-100 аж ахуй нэгж байгууллагаар өнгөрсөн онд шалгарсан билээ.
Аливаа байгууллага харилцагч үйлчлүүлэгчдээ чиглэсэн найдвартай бүтээгдэхүүн үйлчилгээг хурдан шуурхай хүргэж, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд тухайн байгууллагын соёл, засаглал, удирдлагын манлайлал чухал үүрэгтэй байдаг.
Өөрөөр хэлбэл, байгууллагын урт удаан хугацаанд оршин тогтнож, эдийн засаг нийгэмд хувь нэмэр оруулахад тухайн байгууллагын ажилтан бүрийн оролцоо чухал бөгөөд ажилтнуудаа чадавхжуулах нь тухайн байгууллага өөртөө хийж буй томоохон хөрөнгө оруулалт гэж хувьдаа хардаг.
Удирдах түвшний менежерүүдийн манлайлах, зөвлөх ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн удирдлагын манлайллын дэлхий нийтийн чиг хандлага болон баг хамт олноо чадавхжуулах шинэлэг арга техникийг заасан үнэ цэнтэй, онцгой сургалтад хамрагдсандаа баяртай байна.
Хурдтай хөгжиж буй өнөө үед “VUCA world” буюу тогтворгүй, тодорхойгүй, нарийн төвөгтэй, тодорхой бус байдалд оршиж байна. Тэгвэл бид “VUCA” ертөнцөд “Мета” харилцаа холбоог байгууллагадаа амжилттай хэрэгжүүлсэнээр байгууллагын засаглал сайжирч, үр дүн бүтээмж нэмэгдэх, удирдлага хүн ажилтнаа чадавхжуулж, нуугдсан ур чадварыг нь олж илрүүлэн тохирсон ажил даалгаж, сэтгэл ханамжийг нэмэгдүүлсэнээр байгууллагын үр ашиг өсдөг. Удирдагч хүн, манлайлагч хүн ажилтнаа чадавхжуулах нь цэцэг услахтай адил чухал зүйл юм.
Уг сургалтыг зохион байгуулсан Банк санхүүгийн академийн хамт олонд талархал илэрхийлж, банкны санхүүгийн ажилтнуудыг сургах их үйлсэд нь өндөр амжилт хүсье!” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Т.Булгандаа амжилт хүсье!