Кристиан Морелс: Та хэрэглэгчийн сэтгэл ханамжийг эхэнд тавьж, дараагаар нь технологийг түүнд нийцүүлэн хөгжүүлэх ёстой, хэзээ ч эсрэгээр биш

Банк Санхүүгийн Академи нь банк, санхүүгийн салбарын мэргэжилтэн, багш, зөвлөгч, көүч нартай ярилцлага хийж, тэдний арвин их туршлага, зөвлөгөөг Та бүхэндээ хуваалцдаг билээ. Энэ удаа бид Люксембургийн Их вант улсын “House of Training” байгууллагын сургагч багш, санхүүгийн зөвлөгч Кристиан Морелс /Mr. Christian Moreels/-тэй ярилцлаа.

-Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авч, ярилцлага өгөх цаг гаргасанд тань баярлалаа! Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Сайн байна уу, намайг урьж, уншигчидтайгаа миний түүхийг хуваалцаж байгаад баяртай байна. Миний нэрийг Кристиан Мореелс гэдэг. Би одоогоор ING Luxembourg SA-ийн Худалдааны Банкны удирдлагын багийн гишүүн бөгөөд бизнесийн эрсдэл, зохион байгуулалтын хэлтэс хариуцсан захирлаар ажилладаг.

Миний банкны карьер 1993 онд ING Luxembourg-д Худалдааны Банкны хэлтэст хөрөнгө оруулалтын зөвлөхөөр ажиллаж эхэлсэн бөгөөд хил дамнасан болон олон улсын үйлчлүүлэгчдэд чиглэсэн ажил хийж байв.

Олон жилийн турш би салбарын менежер, харилцагчийн зөвлөх үйлчилгээ хариуцсан удирдлагын менежер, үйл ажиллагаа ба мэдээллийн технологийн удирдлагын багийн гишүүн үүний дараа иргэдийн банкны захирал зэрэг албан тушаалуудыг хашиж ирсэн.

Би өдөр тутамдаа ING Luxembourg, орон нутгийн зохицуулагч, албан ёсны байгууллагууд (Банкны холбоо) болон бусад гуравдагч талуудтай хамтран ажиллаж байна. Мөн 2015 оноос хойш Люксембургийн HoT-ийн сургагч багшаар ажиллаж, Европ, Ази, Америк, Африкт өөрийн туршлагаа хуваалцаж байна.

-Та яагаад банкны салбарыг сонгосон бэ? Энэ салбарын юу нь сонирхолтой байсан бэ?

-Би эхэндээ санхүүгийн салбарт карьер хийхээр төлөвлөөгүй байсан. Ийм зам сонгоно гэж огт бодож байгаагүй. Гэхдээ би тоо, санхүүгийн бүтээгдэхүүн, банкны үйлчилгээний динамик ертөнцөд дурлаж, ямар ч эргэлзээгүйгээр энэ салбарт орсон.

Асуудлыг шийдвэрлэх, үйлчлүүлэгчдэд зорилгодоо хүрэхэд нь туслах, салбарын нарийн төвөгтэй байдлыг удирдах чадвар намайг татсан. Би энэ шийдвэртээ хэзээ ч харамсдаггүй, учир нь энэ салбар надад сорилттой, гүн гүнзгий сэтгэл ханамжийг өгдөг.

Миний карьерын хамгийн чухал үе иргэдийн банкинд ажиллаж байсан үеэ гэж боддог. Одоо миний ажил дасгалжуулалт, сургалт, худалдааны банкны бизнесийг хөгжүүлэх, эрсдэлийг удирдах, дижитал банк, тэдгээрийн хэрэгслүүд, бүтээгдэхүүнийг хөгжүүлэх зэрэг стратегийн төслүүдэд хувь нэмэр оруулахад төвлөрч байна. Миний зорилго бол туршлагаа хуваалцаж, бусдад урам зориг өгөх явдал юм.

-Бусад орнуудтай харьцуулахад Монгол Улсын банк санхүүгийн салбар ямар онцлогтой санагдсан бэ?

-Монголын банкны салбар маш сайн зохион байгуулалттай. Хрэглээгчдийн 60% нь суурин, 40% нь нүүдлийн амьдралын хэв маягийн онцлогтой, банк санхүүгийн байгууллагууд харилцагчдынхаа ихэнх хэрэгцээг хангаж чаддаг. Монголын хүн амын дийлэнх нь залуучууд, дундаж нас 30-аас доош насныхан, хэрэглэгчдийн хүлээлт нь илүү дижитал чиг хандлагатай байна гэж харсан.

Миний бодлоор Монголын банкны салбар салбар дижиталчлалын чиглэлээр ихээхэн ахиц дэвшил гаргасан ба энгийн боловч бүрэн, цогц бүтээгдэхүүн, үйлчилгээ болон тохиромжтой дижитал хэрэгслийг санал болгож байна.

Одоогийн сорилт нь дэлхийн банкны стратеги, эрсдэлийн хүлээн авах мэдэгдэл, шинэ түгээлтийн болон харилцаа холбооны сувгуудаа уялдуулж, ялангуяа дижитал борлуулалтаа нэмэгдүүлж, орлогын хүчтэй өсөлтийг хангах, мөн зардалд хэмнэлттэй, боловч зохистой бууралт хийх явдал юм.

-Олон улсад иргэдийн банкны бизнесийн чиг хандлага, стратеги хэрхэн өөрчлөгдөж байна вэ?

-Ерөнхийдөө банкны болон санхүүгийн салбар нь зөвхөн гар утасны үйлчилгээнд тулгуурласан, хүний дэмжлэгтэй загвар руу хувьсан өөрчлөгдөж байна. “Эхлээд гар утас ашиглах, дараа нь шаардлагатай бол зөвлөгөө өгөх”.

Улс орон болон тивээс хамааран хөгжлийн хурд өөр өөр байна. Зарим нь эрт, зарим нь хожуу, зарим нь бэлэн, зарим нь бэлэн биш байна. Монголын банк санхүүгийн салбарын хувьд дижитал тэргүүлэгч болоход тийм ч хол биш гэж бодож байна. Танай одоогийн байдлыг “Дижитал Ухаалаг Дагагчид” гэж тодорхойлж болно.

Дижитал тэргүүлэгч болохын тулд илүү нарийн, цогц дижитал үйлчилгээг санал болгох хэрэгтэй (илүү гар утсанд суурилсан туслах үйлчилгээ, зөвхөн банкны үйлчилгээнээс гадна автомашин, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн, гуравдагч тал болон финтек компаниудтай хамтран ажиллах, эх сурвалж бий болгох гэх мэт).

-Иргэдийн банкны чиглэлээр ажилладаг банкны менежер, ажилтнууд юун дээр илүү анхаарч ажиллах ёстой вэ? Тэдэнд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Магадгүй миний хариулт хэт энгийн болохоор Та гайхаж эсвэл урам хугарч магадгүй. Хариулт нь “Харилцагч төвтэй байх” гэж би хариулна. Стив Жобсын нэг ишлэлийг санал болгоё. “Та хэрэглэгчийн туршлагаас эхэлж, дараа нь технологийг түүнд нийцүүлэн хөгжүүлэх ёстой, хэзээ ч эсрэгээр байж болохгүй.” Ийм арга замаар ажиллах нь гол түлхүүр юм.

-Сургалтын үеэр монголын банкируудтай ажиллахад хүндрэл бэрхшээл гарсан уу? Манай банкирууд Танд ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ?

-Тэд бүтээлч, тууштай, үр дүнг чухалчилдаг, бүгдийн тэгээс эхлэхээс айдаггүй санагдсан. Би сургалтын үеэр оролцогчдодоо “Монголын Шинэ Шилдэг Банк” байгуулах даалгавар өгсөн бөгөөд тэд амбицтай байсан ба учир ч болох сорилтуудыг харгалзан үзэж энэ даалгаврыг маш сайн хийж гүйцэтгэсэн. Эцсийн үр дүн нь гайхалтай байсан бөгөөд миний болон тэдний хүлээлттэй нийцэж байсан.

-Та гадаад хүний хувьд, мөн туршлагатай санхүүч, зөвлөгч хүний хувьд манай улсын эдийн засгийг хэрхэн харж байна вэ?

-Би эдийн засагч биш, дэлхийн болон олон улсын санхүүгийн мэргэжилтэн биш. Гэхдээ би олон нийтэд нээлттэй байгаа тоо, тоон мэдээлэл дээр үндэслэн өөрийн бодлыг хэлье.

Харьцангуй залуу, боловсролтой хүн амтай, интернетийн хэрэглээ өндөр нэвтэрсэн, ухаалаг гар утсыг асар ихээр ашиглаж буй, өсч буй ДНБ-тэй, ажилгүйдлийн түвшин хяналттай, өрийн ерөнхий менежмент сайн гээд бүхий л талууд надад цаашид ирээдүй гэрэлтэй мэт харагдаж байна. Харин валют, дотоодын мөнгөн тэмдэгт, инфляцийн түвшин, дэд бүтцийн зардлыг сайн зохицуулах шаардлагатай байх гэж бодож байна.

-Таны бодлоор иргэдийн банкны ойрын хугацааны хандлага ямар байх вэ?

-Бүх оролцогч талууд өөрсдийн бизнесийн загвараа эргэн харж байна. Тэд мөн зах зээлийн дарамт, финтекийн дарамт, хэрэглэгчийн дарамт, түүнчлэн хэдэн жилийн өмнө бий болсон необанкын ирэлтээс үүдэлтэй өөрчлөлтүүдийг хүлээн авч, түүнийг урагшлуулахад бэлэн байна.

Миний хувьд тэд маргаашийн банкийг бий болгож, нөгөөдрийн үйлчилгээний загварыг тодорхойлохын тулд жолооны сууж ард байна. Амжилтанд хүрнэ гэдэгт би итгэлтэй байна. Араагаа хөдөлгө, хазаа гишгэ.

-Сонирхолтой ярилцлага өгсөн Танд баярлалаа. Танд амжилт хүсье!

-Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье!

Ярилцсан: Э.Учрал

Санал болгох:

“Cloud and Outsourcing officer” сургалт болно

Банк Санхүүгийн Академи нь Люксембургийн “House of Training” олон улсын сургалтын байгууллагатай хамтран “Cloud & Outsourcing Officer” сургалтыг зохион байгуулж байна. “Cloud