Банк Санхүүгийн Академи нь Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банк (EBRD)-ны хэрэгжүүлж буй Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн хөтөлбөр (RSBP)-тэй хамтран олон улсын сургалтыг зохион байгуулсан билээ.
Энэхүү сургалтын төгсөгч, манай шилдэг банкируудын нэг, Капитрон Банкны Зээлийн газар, Зээл судалгааны хэлтсийн менежер О.МӨНХЗАЯА сэтгэгдлээ хуваалцлаа.
О.Мөнхзаяа:“Өдрийн мэнд! Би банк санхүүгийн байгууллагад 2014 оноос хойш ажиллаж байна. Хүүхэд ахуй наснаасаа банкны л ажилтан болно, тэр тусмаа тухайн үеийн нэршлээр эдийн засагч болно гэж мөрөөдөж ирсэн. Мөрөөдлөө биелүүлэн зорилго, зорилтоо тодорхойлж ажиллаж байна.
Зээл судалгааны менежерээр ажиллах нь давуу тал ихтэй. Олон төрлийн бизнесийн салбаруудын үйл ажиллагаа болон үйлдвэрлэлийн процесс, шат дамжлаг, зах зээлийн мэдлэгээ зузаатгана. Мөн бизнесийн болон хүсч буй зээлийн онцлогоос хамаарч олон төрлийн санхүүгийн шинжилгээ, тооцооллыг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэх шаардлагатай байдаг. Иймээс өдөр бүр шинэ сорилт, янз бүрийн кейстэй тулгардаг тул харилцагчаасаа, удирдлагаасаа, хамтран ажиллаж буй нөхдөөсөө суралцдаг.
Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банкны хэрэгжүүлж буй RSBP төсөл болон Банк санхүүгийн академи хамтран зохион байгуулж буй “Мөнгөн урсгалын шинжилгээ”, БЖДБ-ийн сегментийн санхүүгийн шинжилгээ болон зээлжих чадварыг үнэлэх нь” гэсэн 2 том бүлэг сэдэвтэй 4 өдрийн танхимын сургалтанд суралцаж дуусгалаа.
Би энэ сургалтаар өөрийн эзэмшсэн ур чадварыг хөгжүүлэх, санхүүгийн шинжилгээг хурдан шуурхай хийж гүйцэтгэх, шинэ мэдлэг мэдээлэл олж авах зорилго тээн ирсэн.
Энэхүү сургалт миний хувьд хүлээлтээс дээгүүр байсан бөгөөд санхүүгийн тайлангийн уялдаа холбоо, санхүүгийн шинжилгээг хурдан бөгөөд хялбар аргаар тооцоолол хийх, жижиг, дунд бизнес эрхлэгчийн санхүүгийн тайлантай ажиллах алхам, арга зам, мөнгөн урсгалын бүтэц, задаргааг гэх зэрэг олон мэдлэг авч чадсандаа баяртай байна.
Энэ сургалтаас сурсан мэдсэн зүйлсээ ажлын байран дээр хэрэгжүүлэх, мөн бусаддаа хуваалцах болсондоо баяртай байна. Танай хамт олонд маш их баярлалаа, цаашид ч гэсэн үр өгөөжтэй сургалтыг зохион байгуулж байна гэдэгт итгэлтэй байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
О.Мөнхзаяадаа ажлын өндөр амжилт хүсье!