Ч.Минжбадгар: Шинээр орж ирсэн болон хариуцаж байгаа ажилтнууддаа зааж сургах, дадлагажуулах үүргийг тасралтгүй гүйцэтгэж ирсэндээ таатай байдаг

Банк Санхүүгийн Академи нь “Сургагч багш”-ийн сургалтыг энэ оны 10 дугаар сард зохион байгуулсан билээ. Энэхүү сургалтын төгсөгч, манай туршлагатай банкируудын нэг, Богд банкны Санхүү удирдлагын газар, Арын албаны хэлтсийн Ахлах нягтлан бодогч Ч.Минжбадгар сэтгэгдлээ хуваалцлаа.

Ч.Минжбадгар: “Сайн байна уу? Миний бие 2009 оноос хойш банкны салбарт ажиллаж байна. Ажлын гараагаа Голомт банкнаас эхэлж байсан бөгөөд “Теллерийн мэргэшүүлэх сургалт”-нд анх хамрагдаж сертификат авч байлаа. Тэр үед сургалт зааж байсан багш нарын заах арга барил, найрсаг харилцаанаас банкны салбарыг төсөөлж байсан.

Ажлын талбар дээр гараад өмнө нь орсон ажилтнуудаас үлгэр дууриалал авч бүх зүйлийг эхнээс нь сурч байлаа. Одоогоор банкны салбарт 15 дахь жилдээ ажиллаж байгаа юм. Тиймдээ ч шинээр орж ирсэн болон хариуцаж байгаа ажилтнууддаа зааж сургах, дадлагажуулах үүргийг тасралтгүй гүйцэтгэж ирсэндээ таатай байдаг.

Дээрх сургалтын хүрээнд сургагч багшийн мэдвэл зохих суурь ойлголт, үндсэн ур чадварууд, сургалт явуулах онлайн оффлайн хэлбэрүүд, сургалтын орчин бүрдүүлэх, сургалтанд ашиглах хэрэгслүүд болон сургалтын сэтгэл зүй гэх мэт онол, практикийн олон талын мэдлэгүүд олж авсан.

Дотоод сургагч багш болохын тулд сургалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлохоос эхлэх ба сургалтын дизайн төлөвлөгөө гаргаж боловсруулах, сургалтанд тохирсон тоглоомын аргууд, сургалтыг дэмжих бүтээлч аргуудаас суралцлаа. Мөн сургалтын гэрээ байгуулж хэрэгжүүлэх, үр дүнгээ хянах, хэцүү оролцогч болон багаар ажиллахад анхаарах зүйлс гэх мэт зүйлсийг мэдэж авсан.

Цаашид тус сургалтаас авч хэрэгжүүлэх санаануудаа дурдвал:

  • Сургалтын төлөвлөгөөний загвартай болж, тогтмол сайжруулж сургалтандаа ашиглах,
  • Сургагч багшийг илэрхийлэх өөрийн гэсэн өвөрмөц брэнд PPT загвартай болох,
  • Сургалтыг зөвхөн Presentation танилцуулга бус видео хэлбэрээр явуулдаг байх,
  • Сургалтын сэдвийн хүрээнд тест боловсруулахад анхаарах зүйлсийг хэрэгжүүлэх,
  • Сургалт явуулахдаа тоглоомын аргуудаас ашиглаж сонирхолтой болгох гэх мэт.

Банк Санхүүгийн Академийн сургагч багш нартаа болон энэхүү сургалтанд суух боломжийг олгосон Богд банкны удирдлагууддаа баярлалаа гэж хэлмээр байна. Мөн БСА-н хамт олондоо банкны салбарын ажилтнуудыг сургах их үйлсэд нь өндөр амжилт хүсье! Та бүхэнд баярлалаа.” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Ч.Минжбадгартаа ажлын өндөр амжилт хүсье!

Санал болгох: