Дэлхийн Банкны Doing Business 2020 тайланд дурдсанаар Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинд бүтцийн шинжтэй хэд хэдэн сул тал хадгалагдсаар байна. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулагчдын татварын нийт ачаалал бүс нутгийн орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр, татварын орчны тогтвортой бус байдал, татвартай холбоотой маргааныг шийдвэрлэх тогтолцоо сул, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт нь удаан зэрэг асуудлууд нь дарамт болдог тухай дурджээ.
Түүнчлэн хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах, ялангуяа цөөнхийн эрх ашгийг хамгаалах тогтолцоо, компанийн засаглал, ил тод байдал хангалтгүй байгаа нь хамтарсан хөрөнгө оруулалт, урт хугацааны стратегийн түншлэлийн эрсдэлийг нэмэгдүүлж байна. Дампуурал, бизнесээс гарах зохицуулалт удаан, өртөг өндөртэй байгаа нь хөрөнгө оруулалтын “exit risk”-ийг нэмэгдүүлж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг төрөлжүүлэхэд сөргөөр нөлөөлж байгааг дурджээ.


